“Судасны чимээ” роман гармагц л хүмүүс хасбуу тамга хаана байж болох талаар надаас асуух болов. Би хасбуу тамга хайж сурвалжилсан зүйлгүй, зүгээр л романыхаа зохиомжид хэрэг болох жаахан зүйл хүнээс олж сонссон төдийгөөс хэтрэхгүй, тэгээд ч миний шинэ роман хасбуу тамгатай гэхээсээ илүү Хубилай хааны алтан Махгал бурхантай ойрхон, учир нь гол баатар маань тэр бурханыг л хайдаг, гэхдээ аль аль нь зохиолын гол үйл явдалд хамаагүй хэмээн хичнээн учирлавч нэмэргүй, “Тэр тамга яасан бол?” гэх асуултад ээрэгдсээр л сууна.
АНУ-д яруу найрагчид нэлээд онцгой түвшинд үнэлэгдэхээрээ төрийн шагнал маягийн нэг өргөмжлөл хүртдэг. “Нэгдсэн Улсын шагнал” хэмээх нэртэй. Их Британийн төрийн шагналаас л санаа авсан юм билээ. Ухаандаа, үндэсний хэмжээний яруу найрагч гэж албан ёсоор тунхаглаж байгаа хэрэг юм уу даа. Дориухан мөнгө дагалддаг уг шагналыг хүртсэн даруйдаа тухайн яруу найрагч Конгрессын номын сангийн яруу найргийн зөвлөхийн албанд 2-3 жил тохоогддог. Орчин цагийн яруу найрагт хэмжүүр тогтоогчийн эрх ямба эдэлж буй энэ албан тушаал нь өөрөө хамгийн том хүндлэл болдог аж. Иосиф Бродский энэ албанд байхдаа АНУ-ын зочид буудал, нисэх буудал, хүнсний дэлгүүр бүрт яруу найргийн шигшмэл антолог тавих санаачлага өрнүүлж ихээхэн дуулиан тарьсан юм даг.
Югославаас гаралтай Чарлз Симик энэ албанд заларч ахуйд миний бие Конгрессын номын санд очиж, нэг уншлагад оролцсон удаатай. Тэгэхэд Симик өөрөө:
-Нэгдсэн Улсын шагналт гэхээсээ илүү Яруу найргийн зөвлөх гэж дуудуулах нь надад илүү бахархалтай санагддаг гэж хэлж байсан сан.
1990-ээд оны эхээр манай улсын Ерөнхийлөгч дэргэдээ үзмэрчтэй байсан. Харин яруу найргийн ч юм уу, үгүйдээ утга зохиолын зөвлөхтэй байх санааг хэн нэгэн дэвшүүлбэл, өнөө хэр үзмэрчтэй байхаас ч долоон дор галзуу үг шиг сонсогдох биз. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол дээр тусгай яруу найрагч уригдаж, маш орчин үеийн сэтгэлгээтэй шүлэг уншдаг улс оронтой өнөөгийн Монгол улсыг харьцуулах нь, мэдээж, утгагүй хэрэг байх л даа. Тиймээс үүнийг үл лавшруулан өгүүлэх нь:
АНУ бол дэлхий биш. Гэхдээ Марк Стрэнд, Луиз Глюк, Робэрт Хаас, Уильям Стэнли Мёрвин гээд дэлхийн яруу найргийн түүчээ болсон олон яруу найрагч энэ оронд амьдарч байна. Тэр бүхний дундаас өнөөдөр хамгийн алдартай нь хэн бэ гэвэл, яруу найргийн мэргэжилтнүүд нэгэн дуугаар “Билли Коллинз” гэж хариулцгаах болов уу.
Тэр алдартан өнөөдөр далан насны давааг давчихлаа. Супер яруу найрагчид ч өвгөрцгөөж байна даа, хөөрхий. 71 насны төрсөн өдрөө тэмдэглэж буй Уильям Жэймс Коллинз 2001-2003 оны туршид АНУ-ын шагналтан бөгөөд яруу найргийн зөвлөх байжээ. Түүний сонгож гаргасан “Шилдэг 180 шүлэг” хэмээх антолог АНУ-ын ахлах сургуулийн сургалтын хөтөлбөрт багтдаг. Үүний дараа гаргасан “Байнгад уншваас зохилтой 180 өвөрмөц шүлэг” хэмээх нэн шинэлэг сэтгэлгээний антолог нь постмодерн яруу найргийн үнэт өв болж байна.
Мэргэжлийн яруу найргийн академиуд, томоохон сэтгүүлүүд, нэр хүндтэй яруу найрагчдын дунд явуулсан санал асуулгадаа тулгуурлан “Нью-Йорк Таймс” сонин түүнийг өнөө цагийн хамгийн алдартай яруу найрагч хэмээн зарласан бөгөөд, яруу найргийн гурван номоороо л сая доллар цуглуулж чадсан түүнтэй эн зэрэгцэх амжилт одоогоор дэлхийн яруу найрагт гараагүй байна.
Гэхдээ Монголд түүний ном гарлаа гэхэд хүмүүс ойшоохгүй л дээ. Уг нь бид өнөөдрийн яруу найргийн сэтгэлгээ хаахна явааг зах зухаас нь ч болохноо мэдэрч байвал зүгээр л юм сан. Түрүү жил би АНУ-ын яруу найрагч Кристофер Мерриллийн “Татлага, түрлэг” хэмээх номыг орчуулж хэвлүүлсэн. Хүн авахгүй л байна билээ. Юутай ч, Билли Коллинзын маш алдартай хоёр шүлгийг чадан ядан орчуулснаа толилуулъя. Ганц нэг хүн уншаасай даа.
2012.3.21. “Өдрийн сонин”
Үүх түүх, Өвөр Ар гэдэг эмзэг хөндүүр сэдэв л дээ. “Долоон алхмын цаанаас хэлсэн үг үл сонстмуй, долоон үеийн цаанаас хэлсэн үг сонстмуй” гэх мэргэн үг бий. Энэ номыг уншсаны ачаар Юань гүрний сүүлчийн азгүй хаан Тогоонтөмөр цаг хийх мэргэжилтэй байсныг, монгол хааны үйлдсэн бугуйн цаг хэдэн үеийн дараа тоногдсон булшнаас цохилоотойгоо олдож байсныг, энэ мэт олон зүйлийг олж мэдэв.
Утга зохиол шинжээч, судлаач Ч.Билигсайхан агсны "Ухаарахуй" ном ахин хэвлэгдэж байгаа аж. Талийгаачийн гэр бүлийнхний хүсэлтээр энэхүү шинэ хэвлэлийн өмнө бяцхан дурсамж бичиж өглөө. Ум сайн амгалан болтугай!
Хоёр дахиа уншилтгүй ном олон л доо. Гэхдээ дурсахад л жаргалтай учрал шиг сэтгэлд баяр төрж, ахиад уншмаар санагдаад явчихдаг ном цөөнгүй шүү. Тийм л номууд уг нь жинхэнээсээ үнэ цэнтэй байдаг. За, цэцэрхэл ч яамай. Нээрэн, зориуд цаг гаргаж тухлаад хэдэн ном ахиж унших юм сан.
"Сонгодог утга зохиолын өлгийн дэргэд Хомэр, шарилын дэргэд Борхэс зогсч байлаа. Хоёр, аугаа их сохор..." гэж Аргентины энэ суут зохиолчийг нас барахад дэлхий дуу алджээ. Постмодернист утга зохиолын түүчээ болсон их бичээчийн хамгаас шилдэг өгүүллэгүүд монгол хэлээр гарсан нь энэ. Г.Аюурзанаас нэгэнтээ хамгийн дуртай зохиолчоо нэрлэнэ үү гэхэд "Монтэнь, Фолкнер, Сартр, Борхэс" хэмээсэн нь бий. Ийнхүү тэрээр хамгийн дуртай зохиолчдоосоо нэг нэг түүвэр эх хэл рүүгээ орчуулж хэвлүүллээ.