Мэдээ

                Г.Аюурзанын “Дурлал зохион бүтээгч” хэмээх хүүрнэл зохиолын шинэ ном хэвлэгдлээ. Эхний өгүүллэгээр нь зохиогч номоо нэрлэжээ. Постмодерн шийдэлтэй тэрхүү өгүүллэгийг залгуулаад “Домгоос ирсэн захидлууд”, “Илгээмж”, “Мэдэх”, “Эцгийн үхэл”, “Солгой гарын ноктюрн”, “Амьдрал нүцгэнээрээ”, “Аз жаргалгүй хүмүүс”, “Эртний гүүр” зэрэг амьдралын тухай эргэцүүлэл, өнөө цагийн хүмүүсийн дотоод монолог шингэсэн 16 өгүүллэг багтсан байна.

Шинэ ном

Монголын хүүрнэл зохиолын ололт амжилтуудыг ямар ч үзэл суртал, тодорхой сэдэвд хашигдалгүй, утга зохиолын шинжлэлээс өөр ямар ч бодлогоос ангид цэгцлэн шүүж, өргөн олон уншигчдад сурталчилсан анхны жинхэнэ антолог. Д.Нацагдоржийн "Харанхуй хад", С.Эрдэнийн "Диваажинд хүргэх оньс", Ц.Доржготовын "Нохой гэрт хүн урдаггүй", П.Баярсайханы "Зуун жил" гэхчлэн дандаа гайхамшигтай өгүүллэг таныг хүлээж байна.

Хүннү, Сяньби улсын үеийн яруу найргаас эхлээд ардын дууны шүлэг, бүхий л цаг үеийн Монголын үгийн урлаг дахь үзэгдэл амжилт болсон бүтээлүүд нэг дор. Г.Аюурзана, Л.Өлзийтөгс нарын сонголтоор шигшсэн эдгээр шүлгүүд үндэснийхээ соёлыг мэдэрч танья гэсэн хэн бүхэнд зориулагдсан юм.