Мэдээ

Туулай жилийн намар, өвөл бичигдээд уншигчдын гар дээр очиж буй шинэ романы нэр “Шүгдэн”. Энэ бол өнөө цагт Буддын шашны ертөнцөд ихээхэн маргаан тарьж буй нэгэн өвөрмөц шүтээний нэр бөгөөд уг шүтээнийг Шарын шашны тэргүүн XIV Далай лам хориглосон нь олон учир битүүлэг маргаан, оньсогыг дагуулсан аж.

                Монголчуудын сайн мэдэх Гүмбум хийдэд нэгэн лам учир битүүлгээр амиа алдаж, хэргийг мөрдөхөд оролцохоор Өвөрмонголоос нохойн албаны монгол цагдаа томилогдон очиж буйгаар зохиолын үйл явдал эхэлнэ. Гэвч Хойд хятад даяар алдартай мөрч нохой нь ажлаа ч гүйцэтгэж амжилгүй мөн л учир битүүлгээр үхдэг. Золгүй явдлын ул мөр бараг л замхарч байх үед өвөрмонгол цагдаа өөрийн эрхгүй мөнөөх хэрэгтэй хутгалдаж, бүр хувиараа мөрдөж эхэлдэг бөгөөд энэ зуураа өвөг дээдсийнхээ шүтэж ирсэн Бурханы шашны талаархи олон зүйлийг ойлгож ухаардаг. Учир битүүлгээр амиа алдсан лам Шүгдэн сахиус тахидаг байсан нь уг романы нэр болсон бөгөөд түвдээр энэ үг "баригч" хэмээсэн утгыг агуулдаг нь давхар ёгт бэлгэдлийн санааг ч агуулжээ.

                Зохиол ерөнхийдөө Хятад дахь монголчуудын хувь заяа, лам нарын сахил санваар өнөө цагийн ёс сурталтай хэрхэн зөрчилдөн самуурч буй, шашин ч бас дотроо үзэл бодлын хувьд туйлшралд автан, сүсэгтнүүдийн дунд үл ойлголцол үүсгэж буй, их гүрний бодлогын золиос болсон жижиг үндэстнүүд үлдэхийн тулд цөхрөлтгүй тэмцэвч хэрхэн хүчин мөхөсдөж буй тухай өгүүлнэ. Монгол үндэстний таслагдал хэрчигдлийн сэдэв энэ романы дэвсгэр өгүүлэмж болжээ.

                Зохиогч энэхүү романыхаа өмнө “Ажиа гэгээнд зориулав” хэмээсэн байх бөгөөд Хөхнуураас тодорсон энэ монгол гэгээн бол Далай ламаас хойш социализмын хил хязгаарыг гэтлэн (АНУ-д) дүрвэж гарсан шарын шашны хамгийн том мяндагтан билээ.

 

 

IWP-д дотносож нөхөрлөсөн сири зохиолч Халед маань сэтгэл шимшрэм захиа ирүүлжээ. Түүний эх оронд өдгөө иргэний дайн дэгдэж, иргэний дайн ч гэж дээ, яг үнэндээ бол үзэл бодлынхоо төлөө тэмцэгсдийг харгисаар залхаан цээрлүүлэх аллага болж байна.

                Халед бол арабын эртний халифуудын удамтай, Дамаск хотноо ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэгдсэн дундад зууны үеийн шилтгээнд суудаг хүн. Баян хүн биш л дээ, удам дамжин өвлөгдөж ирсэн хөрөнгө нь. Маш сайхан сэтгэлтэй, хамаа намаагүй зантай, халамцахаараа Махмуд Дарвишийн шүлгүүдээс уншаад уйлдаг энэ андын маань нэг роман ноднин Францад хэвлэгдээд, тэр үед Солонгост байсан би миний “Цасны роман”-ыг англи руу орчуулалцсан Матттайгаа хамт мессенжэрээр онлайн тэмдэглэж, тэд 56 градусын сири араки ууж, би хямдхан макколи дэлгэцтэйгээ тулгасан сан. Өнгөрсөн намар би түүнд захидал бичиж “Сири яагаад байгаа юм бэ? Чиний болон найз нөхдийн чинь амьдрал зүгээр үү?” гэж асуухад мань фэйсбуук дээрээ миний захиаг хуулж тавиад доор нь “Баярлалаа, Аюур аа. Миний эх оронд одоо шинэ үе ирж байна. Манай ард түмэн шинэ сонголтоо хийх гэж байна. Яг л Египет шиг” хэмээн их л өөдрөг хариулт бичиж байсан юм. Гэвч өнөөдөр байдал хамгийн муу тал руугаа эргэжээ.

                Зохиолч хүнд зохиолчдоос нь илүү ойр дотно нөхөд байдаггүй. Халед маань зохиолчдод хандахаас өөр яах ч билээ? Намайг тэр орос зохиолчидтой ойр дотно гэж боддог тул, захидлыг нь хувилаад оросууд руу явуулж өгөөч гэсэн байна. Одоо би энэ хавсралтыг хэдэн буриад анд руугаа, бас Виктор Пелевин, Людмила Улицкая хоёр руу явуулах гэж байна. Тус болох эсэхийг мэдэхгүй. Хөөрхий, колоничлогдож гүйцсэн миний муу хэдэн буриад найзад Оросын үзэл санаанд нөлөөлөх чадал ч гэж юу байх вэ. Пелевин эрхбиш Оросын №1 зохиолчид тооцогдож яваа хүн ядахнаа сонинд нэг юм бичих байгаа?

http://arablit.wordpress.com/2012/02/08/open-letter-from-syrian-author-khaled-khalifa/

 

         Амьдралаас бидний олж авдаг, дурдатгалынхаа сан хөмрөгөөр дамжуулан хурааж хуримтлуулдаг зүйл бол ердөө л үзэл санаа. Учрал тохиол бүрээсээ хүн ухаан сууж, эцэс төгсгөлгүй энэ үйл явцаа бид амьдрал хэмээн нэрлэдэг. Эцсийн эцэст амьсгалах агаар, идэх хоол бол биеийг тэжээхүй, өмсөх хувцас, хоргодох орон бол биеийг хамгаалахуй төдий л үүрэгтэй. Гэтэл хүнийг бүрэн дүүрэн ХҮН байлгагч тэр л дотоод оюунаа бид амьдралын тухай зөв үзэл бодлоор л тэтгэснээр өсөж дэвждэг. Үзэл маань төлөвшихөд үйлчилдэгтээ л амьдрал жинхэнэ утгаараа амьдрал байдаг.

            Уран бүтээлч хүний амьдрал бусдынхаас илүү ч юм уу, өөр биш. Ялгаа нь тэр амьдрал БИЧИГДДЭГ. Тэр тусмаа зохиолч хүний өөртөө хүлээсэн үүрэг бол үзэл санаа нь хэрхэн төлөвшсөн үйл явцыг бичихэд л оршдог мэт.
 
Шинэ ном

Уг түүвэр 2009 онд гарчээ. "Бүтээл" хэсэгт буй "Миний дургүй сарууд" бол энэхүү номд орсон шүлэг болно.

Г.Аюурзана урьд нь яруу найргийн төрлөөр "Балчир шүлгүүд" (1995), "Ганцаар цайвар навч" (1995), "Цаг хугацаа амсхийх зуур" (1998), "Эр сэтгэл" (2001), "Философийн шүлгүүд" (2001), "Non Plus Ultra" (2005) түүврүүд хэвлүүлжээ.

  "Дурлалгүй ертөнцийн блюз тэргүүтэн хүүрнэл зохиолууд" 2002 онд анх хэвлэгдсэн. Уг ном нь "Дурлалгүй ертөнцийн блюз" хэмээх метароман буюу өөр хоорондоо уялдаа бүхий өгүүллэгүүд, "Есөн эсээ" хэмээх мөчлэг эсээнүүд, "Цасны роман" бичил тууж, "Хэвтрийн хүн" оп-романыг багтаасан, Г.Аюурзанын хүүрнэл зохиолын төрлөөр хэвлүүлсэн анхны ном болно.

Уг номд багтсан "Цаг хугацааны тухай яриа" эсээг та "Тэмдэглэл" хэсгээс уншиж болно.