НАМТАР
Эндээс цааш маргааш гэж байхгүй...
Зохиолч, яруу найрагч Гүн овгийн Г.АЮУРЗАНА

1970 онд Баянхонгор аймгийн төвд төрсөн. 1988-1994 онд ОХУ-ын Москва хотноо М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд суралцаж төгссөн. 2007 онд АНУ-ын Айовагийн их сургуулийн Олон улсын уран зохиолын хөтөлбөрт хамрагдсан.

“Цаг хугацаа амсхийх зуур”, “Философийн шүлгүүд”, “Non Plus Ultra”, “сэтгэл рүү шагайгч Түүнд” зэрэг яруу найргийн номууд, "Бясалгал" шилмэл шүлгийн түүвэр, “Дурлалгүй ертөнцийн блюз”, “Амь тавьж буй шувууны далавч”, "Дурлал зохион бүтээгч" богино хэлбэрийн хүүрнэл зохиолуудын эмхэтгэл, “Гурамсан цадиг”, “Бөөгийн домог”, "Шүгдэн", "Цагаан Хар Улаан", "Судасны чимээ", "Сахиуст Хангайн нууц", "Өчигдөр уулзъя (Бүрлээчийн монолог)", "Сүнсний томьёо", "Тэдний сүүдэр бидний сэтгэлээс урт" романууд хэвлүүлсэн. “Гурамсан цадиг” нь “Илбэ зэрэглээ”, “Арван зүүдний өр”, “Цуурайнаас төрөгсөд” хэмээх цуврал гурван романы нэгтгэсэн хувилбар болно. 

Философи-уран сайхны сэтгэлгээний “Шинэ үеийн номын сан” цувралыг санаачлан “2х2=6 буюу Суут жаран сэтгэгч”, “Орчин цагийн аугаа их сэтгэгчид”, “Зэн-буддизм: Амьдралаас ангижрахуй” зэрэг 10 боть ном гаргасан.

Үндэсний утга зохиолын шилдэг өвийг хамарсан “Монголын сонгомол яруу найраг”, “Монголын сонгомол өгүүллэг” антологууд эрхлэн гаргаж, “Дэлхийн сонгомол яруу найраг”, “Дэлхийн сонгомол өгүүллэг” антологуудыг орчуулж, мөн "Монголын нууц товчоон"-ыг өөрийнхөөрөө тайлбарласан "Тэнгэрийн судар" хэмээх судалгааны эсээ хэлбэрийн номоо олны хүртээл болгосон.

Түүнчлэн Францын философич Мишэль дө Монтэнийн эсээнүүдийг “Сонгомол эсээнүүд” нэрээр, АНУ-ын нэрт зохиолч Уильям Фолкнерын шилдэг тууж, өгүүллэгийн номыг “Өвгөд” нэрээр, Аргентины сод зохиолч Хорхэ Лүис Борхэсийн шилдэг өгүүлэгийн түүврийг “Хоёр хаан, хоёр хонгил” нэрээр, Францын зохиолч Жан-Поль Сартрын “Үг” тууж, мөн Америкийн өнөө цагийн яруу найргийн төлөөлөл болгож Кристофер Меррилийн “Татлага, түрлэг” түүврийг, орос хэлт буриад яруу найрагч Сергей Тумуровын "Хүннү ууланд нойрсогч өвс" түүврийг тус тус орчуулжээ. 

Шинэ ном


"Цагаан Хар Улаан" бол зохиогчийн торгууд түмний дунд байж хийсэн судалгаа, орчин үеийн урлагийн талаархи зарим санаа, өнөөгийн хүний дотоод ертөнц рүү хийсэн эрэл, туульсын сэтгэлгээний нарийн утга учир, бүтэлгүй хайр дурлал зэрэг олон сэдвийг хамарсан, нэн шинэ чиглэлийн роман болно.

Г.Аюурзанын Бурханы шашны болоод өмнөд монголчуудын тухай сэдвээр бичсэн роман. Уг номын талаар "Мэдээ" хэсэгт буйг үзнэ үү.