Тэмдэглэл
Зүрхийг минь хөрөөдөж буй тэр чимээнд...
ОЙЛГОХУЙ

 

              “Улирал ба зохиолч” сэтгүүлийн энэ оны эхний дугаарт Библийн нэгэн домгийг эшилж, уг бичвэрийг хэрхэн ойлгож буйг тань асуусан аа? Удаахь дугаарт нь уран яруу үг хэлц цаанаа тухайн ард түмний сэтгэлгээний загварыг тээж явдагийг, сүүлийн удаад нэр томьёо өөрөө ойлголтын замч болдогийг эргэцүүлсэн ээ? Эргэцүүлнэ гэдэг зохиогч ба уншигчийн хамтарч хүрдэг үр дүн билээ. Зохиолч хүн бүгдийг нэгбүрчлэн бичих ёсгүй. Зарим зүйлийг уншигч өөрөө бодож олох ёстой. Тийм боломж уншигчдаа үлдээхгүй л бол, номынхоо амтыг зохиогч нь өөрөө баллаж буй хэрэг.

              Ийм учраас л уншигч ч бас бүтээлч сэтгэлгээтэй байх учиртай юм.

              Бүтээлч сэтгэлгээтэй уншигчийн нэн тэргүүний чанар бол ойлгох чадвар. Ойлгохуйд ухаан, мэдрэмж, бас уншсаны дараа бичвэрийг дотоод ертөнцдөө хөрвүүлэн нутагшуулж шинэ шинэ гаргалгаа олох чадвар багтана. Энэ гурвын нэг нь л дутахад, уншигч тухайн бичвэртээ үргэлж жижигдсээр үлддэг.

              Хэнд ч бай аливаа зохиолыг уншихад цаг, нөхцөл таарах гэж байна л даа. Зарим үед яагаад ч уншигдаж өгөөгүй ном өөр нэг өдөр ер бусаар сэтгэл татах нь бий. Нэгэн цагт гүнзгий нөлөөлсөн ном хожим нь ахиад сөхөхөд шал дэмий санагдах нь ч бий. Зохиогч, уншигч хоёрын долгионы үелзэл таарч байгаа нөхцөлд л тухайн зохиол жинхэнээсээ уншигдана. Гэхдээ маш их уншдаг атлаа ойлгохуйн дадал огт суудаггүй хүмүүс ч бас байна. Тэдний тухай “Гурван тэрэг ном туулаад гурван үгийг утгад ч хүрсэнгүй” гэж сударт өгүүлдэг. Бага насандаа анх уншсан номоосоо л утгын гүнийг олж хардаг хүмүүс ч байна. Үүнийг зохиолчид “бичвэрийн мөр хоорондхийг унших” хэмээдэг. Бичиг үсэгт тайлагдсан хүний хэмжээнд л зохиолын утгыг барьж авах бол уншлага биш. Харин тэр утгыг дамжин илэрхийлэгдэж буй, яг үнэндээ бол хэзээ ч үгээр илэрхийлэгдэшгүй чинад утгыг мэдрэх нь л уншлага билээ. Энэ утгаараа үйл явдал, баатруудын яриа, бичигдсэн зураглалыг ягштал мөрдөн уншдаг, тийн мөрдөж уншсан зүйлээ л дүгнэж цэгнэдэг хүн бол, уучлаарай...

              Долгион таарах гэснээс, зохиолын талаар ярилцахад ч гэсэн долгион таарахгүй бол хэцүү. Нэг явдал санаанд орчихлоо. “Хн, Кафкаг уншаад суудаг хүн гэж одоо байхгүй!” гээд л мундаг мундаг юм яриад байгаа нэг залуугаас би ямар зохиолчид дуртайг нь асуусан юм. “За, гоц гойд таалагддаг зохиолч гэж туйлширдаггүй дээ. Ямар ч нэртэй зохиолчоос ганц хоёр л шилмэл зохиол үлддэг юм биш үү? Би бол тийм шилмэлүүдийг сонгож уншдаг. Түүнээс биш зохиогчийг голчилж хардаггүй” энэ тэр гээд үнэн догь юм ярьлаа шүү. “Чинийхээр хамгийн онцгой, чамд гойд сэтгэгдэл төрүүлсэн ном чинь юу вэ?” гэж би асуухдаа их л хүчтэй зохиол нэрлэх байх даа гээд хариултыг нь үнэхээр анхаарч хүлээлээ. Тэгсэн чинь ямар ном нэрлэсэн гэж санана?За, больё, больё. Өмнөөс нь ичмээр, өрөвдмөөр ч юм шиг. Тэр нь үнэхээр таалагдаад, бүр шүтчихсэн байна гээч. Би ёстой нөгөө “амаа таглуулна” гэдэг болсон. Хэлэх ч үг олдоогүй. “Тавхан үгэндээ танигдана” гэж дуулдаг шиг үнэн голоосоо биширсэн хоолойгоор ганц номонцор нэрлээд л тараа таниулсан даа, хөөрхий. Тэр номыг нь дурдчихвал мань хүн энэ бичвэрээс өөрийгөө таньчих байх. Хүнийг тэгж хорсгоод яахав. Тэр номоо бишрээд л, мундаг гэж итгээд л, нөгөө догь үгсээ энд тэнд хэлээд л явж байг. Зүгээр, энүүхэндээ хэлэхэд, хүний дүр, үг яриа гэж тийм л айхавтар хуурамч баг байна шүү дээ.

              “Зуун жилийн ганцаардал”-ын толгой эргүүлэм үйл явдлуудын орооцолдооныг зурж, Буэндиагийн гэр бүлийн гишүүдийн угийн бичээсийг хөтөлчихсөн, түүнийгээ дахин дахин харсаар цээжилчихсэн бас нэг уншигчтай таарч билээ. Энэ агуу романыг биширдгээрээ бид хоёр тун ч нийлэх янзтай, яриа маань ч жаахан цаашлав. Гэтэл... Хүний амь хөнөөчихөөд эхнэрээ дагуулан нутгаасаа дүрвэхээс өөрцгүй байдалд орж, улмаар Макондог байгуулж буй зэрэг сэдвийг “Хуучин гэрээ”-нээс ургуулсан байж магадгүй тухай, нэгэн удамд тийм олон ижилхэн дүр давтагдсан нь зохиогчийн давхар санааг бататгах сэжүүр болсон тухай (жишээ нь Буэндиагийнханд шинжлэх ухаанд дурлагсад, гэрээс үл гарагсад, үзэсгэлэн гоочуул, цусан төрөлдөө тачаагсад, хор өгөмхий бүсгүйчүүл нэг бус төрдөг шүү дээ) мөнөөх гаажтай уншигч маань ярихыг ч, сонсохыг ч хүссэнгүй. Тэнгэр өөд орны даавуунд татагдан ниссэн түүх л гоё санагдсанаас өөр, илүү утга санаа түүнд огт сонин биш гэж билээ.  

              Өнөө цагт уран зохиол уншдаг залуус олширч байна. Тэдний дунд жинхэнээс нь уншилгүйгээр шууд мушгиад ойлгочихдог, эсвэл ойлголгүйгээр шууд гүтгээд уншчихдаг хүмүүс бас цөөнгүй. Ойлголтод хараахан суралцаагүй яваа нь ч бий л байх. Суралцаад суралцаад нэмэргүй нь ч бас бий л байх. Тэгэхээр уншигч байна гэдэг өөрөө хувь заяа ажгуу.

Шинэ ном

Г.Аюурзана оюутан байхаасаа л зэнг сонирхдог байжээ. Энэ ном бол түүний олон жилийн мөрөөдөл юм. Дорно дахины өвөрмөц сэтгэлгээний нэгэн оргил -Зэнгийн тухай хэн бүхнээ ойлгомжтой хэлбэрээр бичсэн энэ бүтээл орчин үеийн олон уншигчийн ширээний ном болжээ.

"Дэлхийн уран зохиолын 85 сод туурвил" бол Хомэрээс хойш ХХ зууны шилдэг романчдыг хүртэлх бүхий л цаг үеийн сод бүтээлүүдийн товч утгыг хүмүүс нэг нэгдээ кино ярьдаг шиг л тодорхой өгүүлсэн, басхүү тухайн зохиол юугаараа хүн төрөлхтөний соёлд онцгой хэмээгддэг учрыг мөн тайлбарласан бүтээл юм. Дэлхийн утга зохиолыг ололт амжилт бүхнийг 444 хуудсанд багтаасан уг боть нь 2002 оноос хойш Монгол Улсын номын сангуудын хэмжээнд хамгийн их уншигдсан ном болжээ.