Зохиолч Г.Аюурзанын хүүрнэл зохиолын томоохон хэлбэрийн бүтээлүүдийг тоолох юм бол “Судасны чимээ” долоо дахь роман нь болно. “Гурамсан цадиг”-т багтсан, Ертөнцийн гурван хоосноор зохиомжилсон, эхний бэсрэг романуудын гуравдугаар нь “Бөөгийн домог” хэмээх дөрөв дэх романтай шууд холбоотой байдаг бол, энэхүү шинэ романы таван гол дүрийн нэг нь өмнөх “Цагаан Хар Улаан” романд гардаг эртний эдлэлийн ангуучин Мэндээ ажээ.
"Монголын сонгомол өгүүллэг" антолог япон хэлээр орчуулагдаж буй талаар өмнө нь мэдээлж, уг номд бүтээл нь багтсан зохиогчдын зүгээс элдвийн эсрэг санал байх аваас эмхэтгэгчид хандана уу хэмээн зарлаж байсныг та бүхэн санаж буй биз ээ. Антолог шинэчилсэн хувилбараараа энэ оны 8-р сарын 25-ны өдөр Япон улсад хэвлэгдэн гарчээ. Монголын утга зохиолыг сурталчлах ажилд шамдан зүтгэж, нэгэн том ажлын ард гарсан орчуулагч Шибанай Шьюжи танд баяр хүргэхийн ялдамд энэ сайхан үйл явдлыг талархан тэмдэглэж байна.
Зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгс "Хотын үлгэрүүд" хэмээх шинэ номоо хэвлүүлэв. Урьд нь хүүрнэл зохиолын төрлөөр "Нүдний шилэнд үлдсэн зургууд", "Үзэхийн хязгаар" номууд гаргасан нь уншигчдын дунд ихээхэн эрэлт үүсгэсэн яруу найрагч энэ удаад тууж, өгүүллэгүүдээсээ толилуулж буй юм.
330 гаруй хуудастай, чамгүй зузаан энэ номон дахь "Өлсөхүй", "Хоёрхон алдаа" зэрэг бэсрэг тууж, "Хулгайч", "Эрэгтэй, Эмэгтэй", "Зөн", "Тэр хэнбэ?" зэрэг чамбай бичигдсэн, өвөрмөц сэтгэлгээ бүхий өгүүллэгүүдээс Та орчин цагийн Монголын утга зохиол дахь давтагдашгүй, онцлогтой бүтээлүүдийг таашаан уншиж, хүүрнэл зохиолын нэгээхэн өнгө аястай танилцах болно.
"Бясалгал" хэмээх нэгэн ном уншигчдын гарт ирж байна. Яруу найрагч Г.Аюурзана 1990 оноос хойш хэвлүүлсэн шүлгүүдээсээ шигшиж, шинэ шүлгүүдийн хамтаар эмхэтгэн гаргасан эл түүвэр 232 хуудастай. Номыг залуу зураач Д.Баярцэцэгийн бүтээлээр чимжээ.
Өнөө цагийн яруу найрагт "бясалгал" хэмээх ай ухагдахуун байдгийг тусгасаны дээр шүлэг бичих нь угаасаа онгод бясалгалын оролцоотой урлаг гэдгийг дам тунхагласан уг номыг нэрлэсэн шүлгийг энд толилуулъя:
2010 оны З-р сард анх хэвлэгдсэн энэ романаа бичихийн тулд зохиогч гурван жил дараалан Байгал нуурын Ольхон арал руу явжээ. Эртнээс монгол угсаатны умард хэсгийнхний бөө мөргөлийн ариун дагшин газар байсан уг арлын тухай тэрээр: "Их далайн дундах бяцхан тал нутаг. Одод энд тодоос тод цацарч, домог зүүдлэгддэг..." гэж бичсэн бий.
Романд нэгэн халх залуу Байгал нуурын арал дээр суудаг бөөтэй танилцан, дэргэд нь долоон жилийг өнгөрөөж байгаа тухай өгүүлнэ. Жил бүрийг нэг онцлог явдлаар төлөөлүүлсэн бөгөөд энэ зохиол 7 бүлэгтэй. Бүлгүүдийн нэрийг танд сонирхуулъя: 1. "Онгодын тоос", 2. "Хийсвэр модны сүүдэр", 3. "Хэнгэрэгийн амь", 4. "Тэнгэрт агч гэргий", 5. Бурхан хадны ордон", 6. "Харанхуйн орны тайлга", 7. "Алдагдсан сүнсний эрэлд".
Роман олон домог яриа агуулсан, буриад ястаны үүх түүхийн сэдвийг нэлээд эмзэг талаас нь хөндсөн, бас хүний сэтгэлийн үймээн зөрчилдөөний аясыг илэрхийлсэн, сэтгэлгээний бүтээл юм.
Зохиогч энэ номоороо "Алтан өд", "Гоо марал" шагналууд хүртжээ.
"Дэлхийн сонгомол яруу найраг: Сапфо-гоос Жэймс Тэйт хүртэл" хэмээх энэхүү антологт сонгодог, модерн, постмодерн чиглэлийн гол чухаг яруу найрагчдын бүтээл 300 орчим шүлэг монгол хэлээр орчуулагдан орсон бий. Эртний яруу найргийг Сапфогоор эхлүүлсэн нь уг номын зарчим туульсын яруу найрагт бус, уянгын яруу найрагт түлхүү анхаарал хандуулсаны гэрч болно. Энд орсон яруу найрагчдын дотор өдгөө амьд сэрүүн яваа Робэрт Хаас, Жон Эшбэри, Жэймс Тэйт, Воул Шоинка зэрэг өнөөдрийн яруу найрагт үзэгдэл болсон нэрүүд ч, ХХ зууны домог болсон Т.С.Элиот, Уоллс Стивэнс, Эзра Паунд зэрэг сэтгэлгээний их тугчид ч, шинэ яруу найргийг үүсгэлцсэн Уолт Уитмэн, Эмили Дикинсон, хэзээ ч хуучрашгүй Бодлэр, Борхэс, Лорка, Малармэ, мөнхийн яруу найрагчид болох Башё, Ли Бай гээд яруу найраг гэж юу болохыг мэдэхийг хүссэн хэн бүхний заавал танилцах ёстой суу билигтнүүд багтжээ.