Зохиолч Г.Аюурзанын хүүрнэл зохиолын томоохон хэлбэрийн бүтээлүүдийг тоолох юм бол “Судасны чимээ” долоо дахь роман нь болно. “Гурамсан цадиг”-т багтсан, Ертөнцийн гурван хоосноор зохиомжилсон, эхний бэсрэг романуудын гуравдугаар нь “Бөөгийн домог” хэмээх дөрөв дэх романтай шууд холбоотой байдаг бол, энэхүү шинэ романы таван гол дүрийн нэг нь өмнөх “Цагаан Хар Улаан” романд гардаг эртний эдлэлийн ангуучин Мэндээ ажээ.
Лигдэн хааны гурван эрдэнэ хэмээх домгийн мөрөөр Мэндээ мөшгиж “Судасны чимээ” эхэлнэ. Тэрхүү гурван эрдэнэ гэгч нь Юань төрийн их хасбуу тамга, Хубилай хааны том алтан Махгал бурхан, алтан Ганжуур судар юм. Алтан бурхныг нь олох зорилготой Манж улсын эртний нийслэлд очин, гурван эрдэнийн тахилын сүмд очсон Мэндээ санамсаргүйгээр өндөр барилгын дээврээс унаж бэртэнэ. Лам нар түүнийг хорчин бариачид хүргэснээр зохиол өрнөдөг.
Бөө удамтай, үе дамжсан бариач өвгөн Мэндээг эмчилж байх зуур ер бусын зохиомол түүхээр хэн хүний санаад багтамгүй зохиомол улсын тухай роман бичиж буй зохиолч Хорчин нутагт ирнэ. Зохиолч хайсан домгоо баталгаажуулж авахаас гадна Мэндээг байшингийн оройгоос унаж бэртэнэ гэдгийг Монголд нэгэн эмч судсыг нь барьж үзээд яг таг зөгнөн хэлсэн тухай сонсжээ. Ингээд Улаанбаатарт ирмэгцээ мөнөөх эмчтэй уулздаг...
Цаашаа үйл явдал хэрхэн орооцолдохыг, Мэндээгийн эртний эдлэлийн дон, Насаагийн зохиомол түүх, мөн олон жилийн турш сэтгэлийг нь зэрэмдэглэсэн хайр дурлал юугаар төгсөхийг та 234 хуудас бүхий энэ шинэ номоос дэлгэрүүлэн уншаарай. “Судасны чимээ” роман нийслэлийн номын дэлгүүрүүдэд 20 мянган төгрөгөөр зарагдаж байна.
"Дэлхийн сонгомол яруу найраг: Сапфо-гоос Жэймс Тэйт хүртэл" хэмээх энэхүү антологт сонгодог, модерн, постмодерн чиглэлийн гол чухаг яруу найрагчдын бүтээл 300 орчим шүлэг монгол хэлээр орчуулагдан орсон бий. Эртний яруу найргийг Сапфогоор эхлүүлсэн нь уг номын зарчим туульсын яруу найрагт бус, уянгын яруу найрагт түлхүү анхаарал хандуулсаны гэрч болно. Энд орсон яруу найрагчдын дотор өдгөө амьд сэрүүн яваа Робэрт Хаас, Жон Эшбэри, Жэймс Тэйт, Воул Шоинка зэрэг өнөөдрийн яруу найрагт үзэгдэл болсон нэрүүд ч, ХХ зууны домог болсон Т.С.Элиот, Уоллс Стивэнс, Эзра Паунд зэрэг сэтгэлгээний их тугчид ч, шинэ яруу найргийг үүсгэлцсэн Уолт Уитмэн, Эмили Дикинсон, хэзээ ч хуучрашгүй Бодлэр, Борхэс, Лорка, Малармэ, мөнхийн яруу найрагчид болох Башё, Ли Бай гээд яруу найраг гэж юу болохыг мэдэхийг хүссэн хэн бүхний заавал танилцах ёстой суу билигтнүүд багтжээ.
Уг түүвэр 2009 онд гарчээ. "Бүтээл" хэсэгт буй "Миний дургүй сарууд" бол энэхүү номд орсон шүлэг болно.
Г.Аюурзана урьд нь яруу найргийн төрлөөр "Балчир шүлгүүд" (1995), "Ганцаар цайвар навч" (1995), "Цаг хугацаа амсхийх зуур" (1998), "Эр сэтгэл" (2001), "Философийн шүлгүүд" (2001), "Non Plus Ultra" (2005) түүврүүд хэвлүүлжээ.