"Монголын сонгомол өгүүллэг" антолог япон хэлээр орчуулагдаж буй талаар өмнө нь мэдээлж, уг номд бүтээл нь багтсан зохиогчдын зүгээс элдвийн эсрэг санал байх аваас эмхэтгэгчид хандана уу хэмээн зарлаж байсныг та бүхэн санаж буй биз ээ. Антолог шинэчилсэн хувилбараараа энэ оны 8-р сарын 25-ны өдөр Япон улсад хэвлэгдэн гарчээ. Монголын утга зохиолыг сурталчлах ажилд шамдан зүтгэж, нэгэн том ажлын ард гарсан орчуулагч Шибанай Шьюжи танд баяр хүргэхийн ялдамд энэ сайхан үйл явдлыг талархан тэмдэглэж байна.
Монголын хүүрнэл зохиолын ололт амжилтуудыг ямар ч үзэл суртал, тодорхой сэдэвд хашигдалгүй, утга зохиолын шинжлэлээс өөр ямар ч бодлогоос ангид цэгцлэн шүүж, өргөн олон уншигчдад сурталчилсан анхны жинхэнэ антолог. Д.Нацагдоржийн "Харанхуй хад", С.Эрдэнийн "Диваажинд хүргэх оньс", Ц.Доржготовын "Нохой гэрт хүн урдаггүй", П.Баярсайханы "Зуун жил" гэхчлэн дандаа гайхамшигтай өгүүллэг таныг хүлээж байна.