“Буриадын тухай орчин үеийн зохиолууд дахь уран сайхны орон зайн онцлогууд” хэмээх судалгааны ажил Буриадын Улсын Их Сургуулийн эрдэм шинжилгээний товхимол (Вестник Бурятского государственного университета)-д хэвлэгджээ. БУИС-ийн Оросын болон гадаадын уран зохиолын тэнхимийн эрхлэгч Мария Даниловна Данчинова хэмээх эрдэмтэн “Бөөгийн домог”, буриад зохиолч А.Эрдынеевийн “Буриадад нэгэн удаа” хэмээх хоёр роман дээр тулгуурлан дээрх судалгаагаа бичсэн юм байна.
Олон талт харьцуулал ажиглалт дүгнэлт хийсний нэгэн жишээг дурдваас, "Бөөгийн домог" романы тэргүүн бүлэгт гардаг, монголчууд сартай шөнө хүүхдийг усанд явуулдаггүй тухай домгийг М.Д.Данчинова "Энэ домогт уран сайхны боловсруулалт хийснээр романы нийт зохиомжийн өсөлтийг дотроо бэлгэдэж агуулсан өвөрмөц сэдэл үүтгэсэн байна" гэхчлэн үзсэн нь тун сонирхолтой аж.
Г.Аюурзана оюутан байхаасаа л зэнг сонирхдог байжээ. Энэ ном бол түүний олон жилийн мөрөөдөл юм. Дорно дахины өвөрмөц сэтгэлгээний нэгэн оргил -Зэнгийн тухай хэн бүхнээ ойлгомжтой хэлбэрээр бичсэн энэ бүтээл орчин үеийн олон уншигчийн ширээний ном болжээ.
"Дэлхийн уран зохиолын 85 сод туурвил" бол Хомэрээс хойш ХХ зууны шилдэг романчдыг хүртэлх бүхий л цаг үеийн сод бүтээлүүдийн товч утгыг хүмүүс нэг нэгдээ кино ярьдаг шиг л тодорхой өгүүлсэн, басхүү тухайн зохиол юугаараа хүн төрөлхтөний соёлд онцгой хэмээгддэг учрыг мөн тайлбарласан бүтээл юм. Дэлхийн утга зохиолыг ололт амжилт бүхнийг 444 хуудсанд багтаасан уг боть нь 2002 оноос хойш Монгол Улсын номын сангуудын хэмжээнд хамгийн их уншигдсан ном болжээ.