Мэдээ
“Дурлал зохион бүтээгч” өгүүллэгийн түүвэр хэвлэгдлээ

                Г.Аюурзанын “Дурлал зохион бүтээгч” хэмээх хүүрнэл зохиолын шинэ ном хэвлэгдлээ. Эхний өгүүллэгээр нь зохиогч номоо нэрлэжээ. Постмодерн шийдэлтэй тэрхүү өгүүллэгийг залгуулаад “Домгоос ирсэн захидлууд”, “Илгээмж”, “Мэдэх”, “Эцгийн үхэл”, “Солгой гарын ноктюрн”, “Амьдрал нүцгэнээрээ”, “Аз жаргалгүй хүмүүс”, “Эртний гүүр” зэрэг амьдралын тухай эргэцүүлэл, өнөө цагийн хүмүүсийн дотоод монолог шингэсэн 16 өгүүллэг багтсан байна.

            Зохиогч өмнө нь “Дурлалгүй ертөнцийн блюз” (2002), “Амь тавьж буй шувууны далавч” (2006) хэмээх өгүүллэгийн номууд хэвлүүлсний сорчилсон эмхэтгэл “Хүүрнэл зохиолын товчоон” нэрээр гарсан бий.Тэдгээр өгүүллэгүүд өөр хоорондоо далд нарийн шижмээр холбогдсон, тэр ч утгаараа метароманы шинжтэй байсан бол, шинэ түүвэрт орсон богино хэлбэрийн зохиолууд нь 2006-2015 оны хооронд, харилцан адилгүй цаг үед бичигдсэн, тиймдээ ч өөр өөр, бие даасан өнгө аястай ажээ. 

Шинэ ном

"Гурамсан цадиг"-аас өмнө гарсан бүхий л өгүүллэг, туужуудаа эмхэтгэн ботилсон бүтээл.

Монголын хүүрнэл зохиолын ололт амжилтуудыг ямар ч үзэл суртал, тодорхой сэдэвд хашигдалгүй, утга зохиолын шинжлэлээс өөр ямар ч бодлогоос ангид цэгцлэн шүүж, өргөн олон уншигчдад сурталчилсан анхны жинхэнэ антолог. Д.Нацагдоржийн "Харанхуй хад", С.Эрдэнийн "Диваажинд хүргэх оньс", Ц.Доржготовын "Нохой гэрт хүн урдаггүй", П.Баярсайханы "Зуун жил" гэхчлэн дандаа гайхамшигтай өгүүллэг таныг хүлээж байна.