Монголын уран бүтээлч сэхээтнүүдийн гоц төлөөлөл болсон, нэрт зохиолч Л.Түдэвийн “Хорвоотой танилцсан түүх”-ийг Францын “Бореалия” хэвлэлийн газар хэвлэн, франц хэлт ертөнцөд түгээлээ. Монголын хүүхдийн зохиолын сонгодог болсон энэхүү номыг залуу орчуулагч Р.Мөнхзул франц хэлнээ уран чадварлаг буулгажээ. Мөнхзулын ээж бол манай нэрт орчуулагчдын нэг Ч.Алтанзагас бөгөөд Нобелийн шагналт Иво Андричийн “Нүглийн орон”, И.Крыловын “Ёгт үлгэрүүд”, Азиз Несиний “Алиа хошин найр”, А.Стругацкийн “Даваа гараг Бямбад эхэлдэг”, Д.Кугультиновын “Үлгэрүүд”, Жорж Kатюшийн “НҮБ дахь КГБ-ийнхэн”, В.Закруткины “Эх хүн”, В.Железниковын “Зургаа Б-гийн гайхал”, М.Ходаковын “Ингэж бүү яваарай”, А.Алексины “Тавдугаар эгнээний гурав дахь нь”, Ю.Модины “Тагнуулчдын хувь заяа” зэрэг олон ном орчуулсан хүн. “Бореалия” хэвлэлийн газар ирэх онд “Монголын сонгомол өгүүллэг” антологийг хэвлэхээр төлөвлөөд байна.
"Дэлхийн сонгомол яруу найраг: Сапфо-гоос Жэймс Тэйт хүртэл" хэмээх энэхүү антологт сонгодог, модерн, постмодерн чиглэлийн гол чухаг яруу найрагчдын бүтээл 300 орчим шүлэг монгол хэлээр орчуулагдан орсон бий. Эртний яруу найргийг Сапфогоор эхлүүлсэн нь уг номын зарчим туульсын яруу найрагт бус, уянгын яруу найрагт түлхүү анхаарал хандуулсаны гэрч болно. Энд орсон яруу найрагчдын дотор өдгөө амьд сэрүүн яваа Робэрт Хаас, Жон Эшбэри, Жэймс Тэйт, Воул Шоинка зэрэг өнөөдрийн яруу найрагт үзэгдэл болсон нэрүүд ч, ХХ зууны домог болсон Т.С.Элиот, Уоллс Стивэнс, Эзра Паунд зэрэг сэтгэлгээний их тугчид ч, шинэ яруу найргийг үүсгэлцсэн Уолт Уитмэн, Эмили Дикинсон, хэзээ ч хуучрашгүй Бодлэр, Борхэс, Лорка, Малармэ, мөнхийн яруу найрагчид болох Башё, Ли Бай гээд яруу найраг гэж юу болохыг мэдэхийг хүссэн хэн бүхний заавал танилцах ёстой суу билигтнүүд багтжээ.
Уг түүвэр 2009 онд гарчээ. "Бүтээл" хэсэгт буй "Миний дургүй сарууд" бол энэхүү номд орсон шүлэг болно.
Г.Аюурзана урьд нь яруу найргийн төрлөөр "Балчир шүлгүүд" (1995), "Ганцаар цайвар навч" (1995), "Цаг хугацаа амсхийх зуур" (1998), "Эр сэтгэл" (2001), "Философийн шүлгүүд" (2001), "Non Plus Ultra" (2005) түүврүүд хэвлүүлжээ.