Тэмдэглэл
Зүрхийг минь хөрөөдөж буй тэр чимээнд...
БИЛГЭЭ АХЫГАА ДУРСАХУЙ

 

                2001 онд “Адмон” хэвлэлийн компани “Эрэлхийллийн уран зохиол” хэмээх уралдаан зарлав. Тэргүүн байр гурван сая, аман хүзүү нь хоёр сая төгрөгийн шагналтай. Гурван сая нь тухайн үеийнхээ ханшаар 3000 орчим доллар гэсэн үг. 1000 ширхэг ном зарагдахад олдог ашиг тэр хавьцаа байсан санагдана. Гэтэл номоо зарах гэж гүйхгүй, хэвлэлийн газарт даатгачихаад, шуудхан л борлуулалтынхаа ашгийг нэг дор бэлнээр авчихна гэхээр том шагнал байлгүй яахав. Тэр үед хүүрнэл зохиол эхлэн оролдож байсан би “Дурлалгүй ертөнцийн блюз”-ээ мөнөөх уралдаанд өгсөн бөгөөд залуу байсныг ч хэлэх үү, амьхандаа горьдоод л. Гэвч найдлага тавьсан ном минь шалгарч чадаагүй. Батбаяр гуайн “Мементог бүтээхүй”, Баабар нарын “Зугаатай танин мэдэхүй” номууд өнгөлсөн юм. Харин уралдаан зохион байгуулагсад “Дурлалгүй ертөнцийн блюз”-ийг эхний 10-т багтсан тул 100 мянган төгрөгөөр байлаад түгээн сурталчилж өгье гэлээ. Горьдмор аядсандаа шаралхаад номоо “Адмон”-д өгсөнгүй, өөрөө хэвлэхээр шийдсэн сэн. Уран зохиолын номд өмнөх үг хэрэгтэй. Ингээд таньж мэдэх судлаачдаа дотроо сэм бүртгэв ээ.

                Үүний өмнөхөн 2000 онд утга зохиол судлалаар цол хамгаалчих санаатай МУИС-ын докторантурт орж нэг семестер явсан юм л даа. Тэр ахархан хугацаанд профессор С.Дулам Монгол бэлгэдэл зүй, профессор Д.Цэдэв Эх бичгийн шинжлэл, профессор Ч.Билигсайхан Уран зохиолын онол заахыг сонссон. Уртаашаа гуравхан л хичээлд хагас жил суугаад докторантурыг бүрмөсөн орхисон ч, сайхь гурван багшийг ихэд хүндэтгэх болсон билээ. Ингээд Билигсайхан докторыг зорьлоо.

                Хөөрхий би даруулгагүй, мунхаг жаал ч байж. Гаргах гэж буй номынхоо талаар дөвийлгөсхийн учирлаж, уран зохиолд юу хийхээр зорьж буй тухайдаа өөрийгөө тойруу замаар магтасхийж баахан бурчихаад л гар бичмэлээ орхиод гарсан юм даг. Долоо хоногийн дараа утасдвал, “Аа, үзлээ. Нэг юм бичих нь ч бичсэн шүү, ирээд ав ав” гэж байна. Хямсгардуухан сарвайсан тэр үгэн дотроо “Цасны роман”, “Хэвтрийн хүн” зэрэг нь энэ хэлбэрийн зохиолуудынхаа дэлхийн түвшинд хүрчээ!” хэмээн дүгнэсэн байж билээ. Залуу зохиолчийн эв дүйгүй, ойлгомж муутайхан бичигдсэн номыг тийн магтах нь социализмын дэг журам дунд үзэл бодол нь төлөвшиж тогтсон, шүүмж судлалд өөрийн гэсэн тодорхой хүрээлэлтэй, тэр л хүрээндээ дээгүүр зиндаа эзэлсэн хүнд эрсдэлтэй алхам байсныг би тэр үед мэдээгүй. Хожим сонсох нь ээ, миний номонд ийм сүрхий үг бичиж өгсөнд найз нөхдийнх нь зүгээс ч, төрийн ба хувийн зарим их сургуулиудын багш нэр зүүгсдээс ч  элдэв үг хаясан тохиолдол бишгүй гарсан гэдэг. Зорин сууж номонд минь үг бичсэнд ач санаж явдгаа хэлэх завшаан энэ удаа “Ухаарахуй” номынх нь шинэ хэвлэл дээр тохиож буйд бэлгэшээн баярланам. Билгээ ах бол миний л хувьд хүүрнэл зохиолд биеэ сорихоор шулуудах тэр л эгзэгтэй үед оролдлого зүтгэлийг минь тоож маш томоор дуугарсан, анхны шүүмжлэгч байсан юм.

                Бүх зүйл учир тавилантайг өдгөө би насны эрхээр олж харав. Үргэлжилсэн үгд хөл тавихдаа тэр хүний дулаан сэтгэлээр дэм хийх эртний ерөөл байж л дээ. Билгээ ахын шившсэн “Дурлалгүй ертөнцийн блюз” ном надад урам төдийгүй цаашид роман бичих зориг сэдэл өгсөн. Шулуун шударга зантай, үнэн голч үгтэй тэр эрхэм ах минь өдгөө сэрүүн тунгалаг сан бол, арав гаруй жилийн өмнө гаргасан “Ухаарахуй”-гаа чамгүй зузаатгаж, улам ч нягталж чамбайруулаад хэвлүүлэх байсан нь лавтай. Нас явахын хэрээр шинийг хайхаас төвөгшөөн, нэмж боловсрохоо огоорчихдог хүмүүсээс Билгээ ах тэс ондоо, үргэлж л уншиж, эргэцүүлж, ухаарч, түүнээ бусадтай хуваалцахыг зорьж явдаг нэгэн байсан чух. 

                Хүнд өвчтэй байхад нь сүүлчийн удаа нүүр учирснаа би хэзээ ч мартахгүй. Эхнэр бид хоёрыг ирсэн тухай Пүрвээ эгч дуулгахад өчнөөн хоног ухаангүй байсан Билгээ ах гэнэт толгой дохиод, шуунаас минь сулхан атгаж билээ. Хариу үйлдэл л үзүүлэхгүйгээс биш, бүхнийг мэдэрч сонсож ойлгосоор л байж. Тэгээд хүүрнэл зохиолын анхны түүвэрт минь үеийнхэнтэйгээ тэрсэлдэн байж сүрхий томдсон үг бичиж өгсөн шигээ, тэр удаад ч гэсэн өвчнөө тэрсэж ер бусын их хүч гарган гарыг минь атгасныг ухаарахад, сэтгэл жигтэйхэн уярч өмрөх шиг болсон сон. “Биднийг ирлээ гэж мэдэж байна шүү дээ!” хэмээн амьхандаа баяссан маань өдгөө тодоос тод санагдана. Гунигтай хэдий ч, бас л нэгэн ухаарахуйд хөтөлсөн уулзалт. Чингээд... нөгөөдөр нь Билгээ ах тэнгэрт заларсан билээ.

 

                                                                                                                            2014.8.16.

Шинэ ном

2006 онд анх хэвлэгдсэн энэ ном нь өөр хоорондоо харилцан шүтэлцээ бүхий өгүүллэгүүд, мөн хавсралт эсээнээс бүрдсэн метароман юм. 2009 онд "Хүүрнэл зохиолын товчоон" нэрээр ботилогдсон эмхэтгэлд нь мөн оржээ.

Зохиогчийн залуу насны нэлээд хугацаа өнгөрсөн Москва хотод ихэнх үйл явдал нь өрнөдөг эдгээр өгүүллэгүүд далд зөн, ид шидийн аясаараа ижилсэнэ. Хавсралт эсээнүүдийнх нь нэг болох "Хаа нэгтээ буй эмээдээ бичсэн захидал"-ыг та "Тэмдэглэл" хэсгээс уншиж болно.

Уг ном 2007 онд солонгос хэлээр орчуулагдан Сөүлийн "Erum Books" хэвлэлийн газарт хэвлэгдсэн бөгөөд ОХУ-ын  утга зохиолын сэтгүүлүүдэд "Орос цэрэг", "Хаа нэгтээ буй эмээдээ бичсэн захидал" нь орчуулагдан гарчээ. Мөн энэ ном дахь "Бурханы шарил", "Мууран хүмүүсийн сүүдэр" өгүүллэгүүд англиар орчуулагдан нийтлэгдсэн байна.

2010 оны З-р сард анх хэвлэгдсэн энэ романаа бичихийн тулд зохиогч гурван жил дараалан Байгал нуурын Ольхон арал руу явжээ. Эртнээс монгол угсаатны умард хэсгийнхний бөө мөргөлийн ариун дагшин газар байсан уг арлын тухай тэрээр: "Их далайн дундах бяцхан тал нутаг. Одод энд тодоос тод цацарч, домог зүүдлэгддэг..." гэж бичсэн бий.

Романд нэгэн халх залуу Байгал нуурын арал дээр суудаг бөөтэй танилцан, дэргэд нь долоон жилийг өнгөрөөж байгаа тухай өгүүлнэ. Жил бүрийг нэг онцлог явдлаар төлөөлүүлсэн бөгөөд энэ зохиол 7 бүлэгтэй. Бүлгүүдийн нэрийг танд сонирхуулъя: 1. "Онгодын тоос", 2. "Хийсвэр модны сүүдэр", 3. "Хэнгэрэгийн амь", 4. "Тэнгэрт агч гэргий", 5. Бурхан хадны ордон", 6. "Харанхуйн орны тайлга", 7. "Алдагдсан сүнсний эрэлд".

Роман олон домог яриа агуулсан, буриад ястаны үүх түүхийн сэдвийг нэлээд эмзэг талаас нь хөндсөн, бас хүний сэтгэлийн үймээн зөрчилдөөний аясыг илэрхийлсэн, сэтгэлгээний бүтээл юм.

Зохиогч энэ номоороо "Алтан өд", "Гоо марал" шагналууд хүртжээ.