“Миний залуу насны” л гэе дээ. Хэдэн сарын өмнө Батзориг хэмээх киноны тухай сайтад ажилладаг залуугийн хүсэлтээр, 10 кино нэрлэсэн юм. (Энэ 10 гэдэг үнэхээр эвгүй тоо шүү!)
Намайг төлөвшихөд нөлөөлсөн гэдэг утгаар нь харвал, мэдээж, 10-аас олон кино нэрлэгдэх болно. Тухайн үедээ мартагдашгүй сэтгэгдэл төрүүлсэн, онцгой сайхан дурсамж үлдээсэн гэвэл бас л 10-аар тогтохгүй. Багадаа үзсэн кинонуудаа урлаг, утга зохиолын үнэ цэн гэдэг талаас нь огт харж байгаагүй мөртлөө мартаж чаддаггүй, сайхан санагдаад байдаг тохиолдол ч олон. Тийм болохоор яг одоо, 2016 оны 1 сарын 15-ны орой 20-21 цагийн хооронд санаанд хамгийн тод орж ирсэн 10 киногоо л нэрлэе дээ.
Перугийн зохиолч Марио Варгас Льоса (Mario Vargas Llosa, 1936-) бол өнөө цагийн супер зохиолчдын нэг. 2010 онд Нобелийн утга зохиолын шагнал хүртэхэд буурьтай утга зохиолын ертөнц "Ашгүй, арайхийж нэг юм жинхэнэ зохиолчид энэ шагнал очлоо!" хэмээцгээж байсан юм даг. Манайхны хамгийн их шүтэн биширдэг орчин үеийн романы талаар түүний бичсэн өгүүллээс товчлон, "Дэлхийн сонгодог утга зохиолын чуулган - 50 боть" төсөлд зориулан орчуулж байснаа толилуулъя.
... Шэскпир хэмээх хувь хүний тавилан яг л өөрийнх нь зүүдлэн байж бүтээсэн дүрүүдийнхтэй нь ижилхэн. Тэр ердөө танхимд суугаа үзэгчдийн хүссэнийг л, эсвэл Ариун сүнсний хэлж өгснийг л бичсэн, үүндээ гойд ач холбогдол өгч, зүрхээ шаналгаж хамаг хүчээ барж, зовж тарчлаагүй. Дараа нь, зүгээр л толгойд нь орж ирсэн тэдгээр үгсийг тэмдэглэсэн, шавхагдашгүй гайхамшигт хуудсуудаа аз болоход бидэнд үлдээчихээд, үзгээ тавьж, төрөлх хот руугаа явсан. Тэр бөглүү жижигхэн хотдоо очоод алдар нэрийг биш, үхлийг хүлээсэн билээ.
"Дэлхийн сонгомол яруу найраг: Сапфо-гоос Жэймс Тэйт хүртэл" хэмээх энэхүү антологт сонгодог, модерн, постмодерн чиглэлийн гол чухаг яруу найрагчдын бүтээл 300 орчим шүлэг монгол хэлээр орчуулагдан орсон бий. Эртний яруу найргийг Сапфогоор эхлүүлсэн нь уг номын зарчим туульсын яруу найрагт бус, уянгын яруу найрагт түлхүү анхаарал хандуулсаны гэрч болно. Энд орсон яруу найрагчдын дотор өдгөө амьд сэрүүн яваа Робэрт Хаас, Жон Эшбэри, Жэймс Тэйт, Воул Шоинка зэрэг өнөөдрийн яруу найрагт үзэгдэл болсон нэрүүд ч, ХХ зууны домог болсон Т.С.Элиот, Уоллс Стивэнс, Эзра Паунд зэрэг сэтгэлгээний их тугчид ч, шинэ яруу найргийг үүсгэлцсэн Уолт Уитмэн, Эмили Дикинсон, хэзээ ч хуучрашгүй Бодлэр, Борхэс, Лорка, Малармэ, мөнхийн яруу найрагчид болох Башё, Ли Бай гээд яруу найраг гэж юу болохыг мэдэхийг хүссэн хэн бүхний заавал танилцах ёстой суу билигтнүүд багтжээ.
Уг түүвэр 2009 онд гарчээ. "Бүтээл" хэсэгт буй "Миний дургүй сарууд" бол энэхүү номд орсон шүлэг болно.
Г.Аюурзана урьд нь яруу найргийн төрлөөр "Балчир шүлгүүд" (1995), "Ганцаар цайвар навч" (1995), "Цаг хугацаа амсхийх зуур" (1998), "Эр сэтгэл" (2001), "Философийн шүлгүүд" (2001), "Non Plus Ultra" (2005) түүврүүд хэвлүүлжээ.