Габриэль Гарсиа Маркесын “Зуун жилийн ганцаардал” роман Америк тивийн утга зохиолын түүхэнд онцгой ач холбогдол бүхий үйл явдал болсон юм. Ер бусын дээд түвшний, уламжлалт болоод орчин үеийг хослуулсан өнгө аястай, америкийн хийгээд дэлхий нийтийн шинж чанартай энэ ном гарснаараа роман гэдэг жанр сүйрч сөнөж байна гэсэн таамаглалыг салхинд хийсгэж орхив.
Гарсиа Маркес гайхалтай ном биччихлээ гэж ярихаа больё гэхэд, тэр өөрөө ч мэдэлгүйгээр, зууны жилийн өмнөөс тасалдчихсан өгүүлэмжийн уламжлалыг баталгаажуулж, өргөн хүрээтэй реалист утга зохиолыг дундад зууны романуудын эрхэмсэг байр сууринд нь аваачиж ахин амилуулсаныг үгүйсгэж яахин болох билээ.
Хэдийгээр цэвдэгшиж, хэрэглээжиж, бэлгэдлийн л шинжтэй орших болсон ч гэлээ энэ ертөнц маань биднийг эргэн харах бүрийд үгүйлэгддэг тэр их гарз, эгнэгт алдчихсан хохиролууддаа шаналан зовж байсныг би “Зуун жилийн ганцаардал”-ын ачаар л олж харлаа. Ай, хорвоо ертөнц юуг ч голж чамлан хөсөр хаядаггүй агаад асар хурдан жирэлзэн одогч ажээ. Бүхий л зүйл түүний дотор дэвжин хөгжих эрхийнхээ төлөө оволзон түрхэрч байж. Үгийн урлагийн номхроогч цамц хөдөлгөөнийг нь боож барьснаас болоод хүмүүс, эд юмс, мэдрэмж ба мөрөөдөл цөм анх харагдаж байснаасаа хавьгүй өргөн утгыг илэрхийлэх болж, тэдгээрийг толгой эргүүлэм чөлөөтэй төсөөллийнхөө хүрээг зад цохин гарахад бэлэн болсон яг тэр агшинд нь - уран зохиолын дэг жаяг замд нь хөндөлссөн хэрэг аж.
Шүүмжлэгчид Гарсиа Маркесын хүүрнэл зохиолоос оновчтой илэрхийлэл, товч тодорхой, нэг ч илүү үггүй атал бүхнийг аймшигтай ил шууд, хачин энгийнээр өгүүлснийг нь юу юунаас илүү магтсан байдаг нь бүрэн үндэслэлтэй хэрэг ээ. Тэд бас бичиж буй түүхийнх нь тодорхой, эдийн засгийн үндэслэл бүхий гаргалгааг, зохиолчийн хольж зүйхдээ гайхалтай авьяастайг, харилцан яриануудын нь хэнэггүй шулуухныг, чөтгөр шиг хөнгөхөн амархан бичигдсэнийг нь, баатрынхаа нэг л үйлдлээр бүтэн эмгэнэлт явдлыг үүсгэж, санаандгүй хэлсэн ганц л үгээр нь өчнөөн түүхийн өрнөл сэдэж байгааг ч магтацгаасан.
Энэ бүхэн үнэн байсаан. Зохиогч өөрийн гэсэн чөтгөрүүдийг гаршуулж, хүссэн зоргоороо хааш нь л бол хааш нь залжээ. Холын тэр нэгэн үдэш чухам юу Гарсиа Маркесыг хаа нэгтээ; Мехико, Акапулько хоёрын дунд, хаа нэгтээ; чөтгөр үүрлэсэн хайрцгийг нээн тэдэнд өөрийгөө тушааж, бидний цаг үеийн хамгийн галзуу бөгөөд байж ядмаар балмад явдалд тэднийг татан оруулах сэдэл буюу “Зуун жилийн ганцаардал”-ыг зохиоход хөтөлсөн юм бол оо?
Уран бүтээл гэдэг үргэлж оньсого байдаг, хүний “Би” хэмээгчийн гүнд түүний эх булаг олдохооргүй алдагддаг бөгөөд бид тийшээ гагцхүү хатуу чанд оюун ухааны хүчээр л нэвтрэн орж чадна. Хов хоосон орон зайн гүнд ид шидээр дундрашгүй Броселандын хаа нэгтээ Макондо хэмээх тосгоныг бий болгох, энэ нүсэр их бөгөөд амь дүйсэн бүтээн байгуулалтад чухам ямар нууцлаг хүч, ямар нууц хүсэл Гарсиа Маркесыг өдөөснийг бид хэзээ ч мэдэж чадахгүй үхэх биз. Гэвч юутай ч түүний санаа ялсан нь бидэнд илэрхий харагдаж байгаа бөгөөд энэ л хангалттай юм.
“Зуун жилийн ганцаардал” романд бид нэн тэргүүнээ гайхамшигт баялагтай мөргөлддөг. Тооцоолсон, эрэмбэлсэн, айхтар чанд хүүрнэл зохиол галт уул мэт оргилох, хөдөлгөөнөө багтааж ядсан их урсгалд хувирч, ганган тансаг үгсээр дүүрч, амьдрал тэр чигээрээ төсөөллөөр бүтээсэн зоримог сэдэл болчихов. Ийм маягаар Макондогийн газарзүйн, түүхийн, уран зөгнөлийн хил хязгаар тэлэн тэлсээр бүр Гарсиа Маркесын өмнөх номуудыг уншаад ч баримжаалж болохооргүй тийм онцгой хэмжээнд хүрчих юм. Үйл явдалтай зэрэгцэн зохиогчийн оюун санааны гүнзгийрэл мөн тийн цаашилсаар, нэг л мэдэхнээ Макондо бидний энэ цаг үед бүтээгдсэн хамгийн уудам утга зохиолын ертөнцүүдийн нэг боллоо.
Төсөөлөл л энд бүх торлосон сүлжээг тас татан, толгой эргүүлсэн давхиан дунд биднийг аваачаад, ямар ч хорио цээр үгүй чөлөөтэй хүүрнэлээр урсаж, натуралист болоод сэтгэл зүйн, эсвэл романтик зохиолын бүхий л хэв шинжийг хольж сүлээд, орон зай ба цаг хугацааны эргүүлэг дотор Макондог бий болохоос нь эхлээд сүйрэн мөхөх хүртэл нь бодот байдлын нэг ч уялдаа хэлхээг тасдалгүй, хувь хүний болоод хамт олны, домог хийгээд түүхэн үнэний, нийгэм болоод сэтгэлзүйн, ахуйн хийгээд уянгын бүх түвшинд нь тоочин зураглажээ.
Уран зохиолын багш нарын маань заасанчлан, Сервантес хүлэг баатрын сэдэвт романд чинжаал хутга дүрээд, шоолж тохуурхан байж хөнөөсөн тэр цагаас хойш, романчид уран зөгнөлөө зоргонд нь тавьж, бодтой ертөнцийн нэг л хэсгийг номынхоо үйл явдал өрнөх газар болгон сонгож аваад бусдыг нь огоорч хаядаг болсон билээ. Түүнчлэн эхэлж дэвшүүлсэн санаан дээрээ тууштай, даруухан зогсож сурсан билээ. Гэтэл зүгээр нэг, түрэг маягийн гадаад төрхтэй, царайлаг колумби хархүү энэ бүхнийг үл тоомсорлон мөрөө хавчаад, утга зохиолд баримталж ирсэн дөрвөн зууны ёс жаягаас бүүр цаашаа явж, роман хэмээх төрлийг бий болгосон дундад зууны зохиогчдын арга барилыг өөриймшүүлэн, жинхэнэ бодот байдалтай эн зэрэгцэн тэрсэж, хүний ой санамж, зүүд зөн, зан араншинд байдаг юм бүхнийг роман руугаа хамж оруулан, амьдрал ямар байдаг билээ яг л тийм олон талтай, өчнөөн хувирамтгай төрхтэйгөөр нь зохиолдоо тусган харуулдаг байна шүү.
Макондод өрнөх амьдрал бол зүгээр ч нэг шид дом, зүүд зөн, эр эмийн ажлын хэнээ биш, харин өмч хөрөнгөтэй болоод гар хоосон хүмүүсийн хооронд гардаг гүнзгий дайсагналын ээдрээ (яг л төмөр замын буудал дээр цугласан ажил хаягчдыг хядсан тухай бодот баримт дээр тулгуурласан тэр өгүүлэмж мэт) цаашилсаар цочирхон цусан зам татуулахад хүрч буй тийм нөхцөл байдал юм. Тал хөндий, уулсын хоорондох хавцалд эцэс төгсгөлгүй бие биеэ хөнөөсөн хэрцгий дайн үргэлжилж, хүмүүсийг хаман одож, улс орны хувь заяаг эрэмдэглэж байгаа энэ явдал Колумбид үнэхээр тохиолдсон (тохиолдсоор ч байгаа) явдал бүлгээ. Хурандаа Аурелиано Буэндиа, Геринельдо Маркес нар шиг эх оронч цэргүүдийн ялалтыг нийслэл хотноо наймаалцан суух гутамшигт улс төрчдийн бий болгосон энэ нийгэм дотуур Макондогийн түүх нэвтлэн тусаад, гялбам хурц гэрэл мэт үнэнийг үзүүлж чадсан нь үнэхээр хосгүй еэ.
Сүүлийн жилүүдэд нэр төр, аугаа их чанар, өвөрмөц содон өнгийг хүүрнэл зохиолд авчирсан, түүгээрээ ч манай утга зохиолыг дэлхийн үгийн урлагийн шилдгүүдтэй нэгэн эгнээнд аваачсан номууд Америк тивийн хаа сайгүй бишгүйдээ л нэг гарлаа. “Зуун жилийн ганцаардал” тэдгээрийн дунд хамгаас тод гялалзсан, хамгаас гойд ном билээ.
“Дэлхийн сонгомол өгүүллэг: Чехов-оос Хунот Диаз хүртэл” хэмээх энэхүү антолог нь орчин үеийн утга зохиолын хамгийн өргөн уншигддаг жанр болох өгүүллэгийн талаар мэргэжлийн түвшний ойлголт авахад зориулагдсан, ХХ зууны үгийн урлагийн сод төлөөлөгчдийн, судлаачдын хүрээнд өндрөөр үнэлэгдддэг өгүүллэгүүдийг хамарсан нэгэн боть болно. Сонгодог өгүүллэгийн хаад гэгддэг Чехов, О.Хэнри, Фолкнер, Набоков, Хэмингуэйгээс эхлээд өнөө цагийн постмодернизмын угтал болсон Жойс, Борхэс, Сартр, Жэксон, Кортасар, Карвэр, Сэлинжер, Маркес, XXI зууны гарамгай мастерууд Павич, Дёрри, Диаз, И Гуанчин, Мураками гээд үе үеийн олон шилдэг зохиолчдыг танилцуулснаараа хосгүй үнэ цэнтэй ном юм. Г.Аюурзана эдгээр бүтээлүүдийн орчуулах эрхийг зохиогчдоос нь албан ёсоор авч хэвлэсэн ажээ.
Зохиогч шүтэлцээт гурван роман болох "Илбэ зэрэглээ", "Арван зүүдний өр", "Цуурайнаас төрөгсөд" бүтээлүүдээ нэгтгэсэн хувилбар. Бас "Илбэ зэрэглээ" роман дотор цухас гараад, тайзан дээр тоглогдож буйгаар дурдагдаад өнгөрдөг "Үхсэн хүний амьдрал" жүжиг энэ хэвлэлд бүрнээрээ багтсан байна. Нэг л гар бичмэл тойрсон, элдэв янзын үйл явдлууд эхлэлээрээ ч, төгсгөлөөрөө ч зангилагдсан, орооцолдоон хэлхээ нь чухамдаа Чингис хаан, түүний эцэг нэгт ах Бэгтэрийн тухай ямар нэгэн нууцлаг романы тухай санаагаар холбогдсон, гэвч энэ л гурван романыг хооронд нь хамаатуулаад буй тэр л гар бичмэл нь ерөөсөө хаа ч байхгүй, тийм л сэжүүрээр бүтээгдсэн зохиол. Эхний романд уг зохиолыг сэдэж бичсэн зохиогч өөрөө гар бичмэлээ шатаачихав. Удаахь романд тэр шатаагдсан зохиолд нэгэн франц хүний бичсэн тайлбарыг олж авсан нэгэн мөнөөх зохиолыг сэргээн бичээд, эцэст нь мөн л шатаачихав. Гутгаар романд эхний романы зохиолчийн хүү, хоёр дахь романы судлаач нар уулзалдаж, судлаач хүүгээс нь өөрийнхөө мөнөөх зохиолын тухай таамаглал алдаатай байсныг олж харна. Тэгээд энэ гар бичмэлийн нууцад мухардсандаа ч юм уу, эсвэл зохиогчийн өөр нэг роман болох "Бөөгийн домог"-т өгүүлдэгчлэн бүтэлгүй дурлалаас ч болсон уу, Байгал нуурын бөглүү арал руу яваад долоон жил сураг тасардаг. Гэхдээ "Гурамсан цадиг" зөвхөн эдгээр хүмүүсийн тухай ч зохиол биш. Энд маш олон үймрэл, дотоод ертөнцийн хямрал, бас бясалгал, амьдралын тухай эргэцүүлэл, бидэнтэй өдөр тутам таардаг олон янзын учрал тохиол, хайр дурлал, цөхрөл мухардал бий. Хэрэв энэ номын дараа үргэлжлүүлээд "Бөөгийн домог"-ийг унших юм бол, зохиогч бүр дөрөмсөн цадиг биччихсэн ч юм шиг сэтгэгдэл төрөх вий.
http://en.wikipedia.org/wiki/Song_of_Songs#References_in_film