Бүтээл
Тэнгэрт үлдсэн шувууны мөр...
ИЛГЭЭМЖ

-өгүүллэг-

 

                -Танд гадаадаас илгээмж ирж…

                Мөн гэж үү? Тийм ээ, мөн байна! Энэ дугтуйнд юу байгааг би мэднэ. Эрхий, долоовор хоёр хурууг өндгөөр нь нийлүүлэн дугуйлсны хэрийн том, ердөө гуравхан талст гарган зассан, уулын болор. Энэ чулууг тэр 1999 оны есдүгээр сарын есний өдрийн яг есөн цаг есөн хоромд үнсчихээд дугтуй руу хийхэд би дэргэд нь байсан юм.

                -Чи гэр рүүгээ явуулж байгаа юм уу?

                -Үгүй дээ.

                -Тэгээд хэнд явуулж байгаа юм бэ?

                -Ирээдүй рүү. Хайртай хүн рүүгээ.

                -Хайрт чинь ирээдүйд байдаг юм биз дээ?

                Тэр өөдөөс минь ширтэн нууцлаг инээмсэглэснээ, дугтуйтай чулуугаа шуудангийн ажилтанд өгөх гээд орсон. Нэлээд удаж байгаад гарч ирсэн. Бид үнсэлцсэн. Тэр өдрүүд бидний хувьд сайхан өнгөрсөн. Тийм ээ, сайхан. Тийм ээ, өнгөрсөн. Даанч өнгөрсөн. Аль эрт. Тэр нөхөр рүүгээ буцсан, би нутгаасаа явсан. Ахиж уулзахгүй гэдгээ хэн хэн маань л мэдэж байсан. Салахдаа тэр инээмсэглэсэн. Би ч бас.

                Эм хүнд тэмүүлнэ, хэн нэгэн хүнийг хүснэ гэдэг бэрх зүйл дээ. Тэр тусмаа огт байхгүйгээс ялгаагүй, уулзах боломжгүй хүнийг үгүйлэхийн хэцүүг юутай ч зүйрлэх аргагүй. Хажууд байхгүй тэр л хүн дур хүслийг минь өдөөгч, бусад нь цөмөөрөө ямар нэг хэмжээгээр түүнийг санагдуулагч юм шиг. Нэгийнх нь нүд, нөгөөгийнх нь инээд алдах янз маяг түүнийг л санагдуулна. Ингээд л амьдрал гэдэг миний хувьд тэр л бүсгүйн дуу хоолойг, эсвэл харцыг хайх төгсгөлгүй эрэл болон хувирч, нэг л өглөө “Амьдрал ямар ч утгагүй юм” гэсэн бодолтой сэрж билээ.

                Дараа нь би ойр зуурын арилжаа наймаанд залуу насаа үрж, энэ зуур эцэг эх минь нас барж, гав ганцаараа амьдрахгүйн тулд гэрлэсэн. Заяаны хань зам дээр л таардаг юм билээ. Бага сага баясч, амьдралд бага сага дурлаж, бага сага аз жаргалтай болсон. Эхнэр минь нэг удаа маш гоё үг хэлж билээ: “Чи бол Бурханаас надад илгээсэн хамгийн сайхан бэлэг!” гэж. Энэ үгний төлөө жаргалтай амьдрахгүй бол болохгүй.

                Этгээд илгээмж жаргалыг минь бусниулчихаар зүйл санагдсангүй. Тиймээс өдгөө аль эрт өнгөрсөн тэр л явдлыг нэхэн бодохдоо дурсамжаа мөрөөдлөөрөө засч, “тэгэхэд тэгсэн бол” гэсэн амттай төсөөллөөр өөрийгөө жаахан хуурлаа. Өнгөрснийг мөрөөдөх гэж байх уу?

                Би түүнтэй арай эрт учирч болох л байсан. Тэгсэн бол тэр гадаад нөхөртэй болохгүй ч байсан юм бил үү?

                Түүний эцэг чулууны дархан хэмээх маш ховор мэргэжилтэй, бас хөдөө нутагт цорын ганц библийн судартай өвгөн байв. Хаанаасаа ч олдсон библи юм бэ, ямар ч бичгээр байсан юм бэ, бүү мэд. Хэрэв тэр нь библийн эртний монгол орчуулга бол, ер бусын үнэтэй номын эзэн байж ээ дээ. Залуу явахад юмны үнэ цэн мэдэх биш. Ингэхэд, өвгөнийг хэн гэдэг байлаа? Ой санамждаа найдах хэрэггүй ээ гэж хэн ч надад хэлж байсангүй. Ийм үг сонссон сон бол, өвгөний нэрийг хаа нэгтээ тэмдэглэж бичих л байсан даг... Өвгөн яг л Сталиных шиг махир гаанстай байсныг харин хэзээ ч мартахгүй биз. Зарим нэг төдийлөн ач холбогдолгүй зүйл ингээд л ой ухаанд дурайтал шингэчих гэж.

                Надад бол өвгөний нэр ч, гаанс ч сонин биш. Охин нь л сонин байсан юм. Хар багаасаа л гадаадад сурч, тэндээ латинамерик хүнтэй гэрлэсэн гэхээр нэг л ер бусын амьтан шиг төсөөлөгддөг асан тэр охин нь надаас хэд гурав эгч. Аальгүй нүдтэй, аальгүй инээмсэглэлтэй хэрнээ барагтай л бол үг дуугардаггүй, инээмсэглэлээрээ л бүхнийг хэлчихдэг бүсгүй байж билээ. Хараад баймаар хэрнээ нэг л зүрх алдам тийм инээмсэглэл ямар ч үндэстэн ястны эрчүүлд таалагддаг шидтэй ч юм уу, би өвгөнийд анх очихдоо амралтаараа гэртээ ирсэн охиныг нь хармагцаа таг гөлрөөд зогсчихсон юм даг.

                Нутгийнхан өвгөнд яагаад ч юм бэ таагүй тул, тэднийд хүн хар ирдэггүй байсан бололтой. Өдөржин чулуу зүлгэж суудаг аавынхаа дэргэд уйдсандаа ч юм уу, эсвэл гадаад нөхөртэй хүүхнүүд тийм нүүрэмгий байдаг юм уу, бүсгүй надтай хэзээ язааны танил юм шиг яриа хөөрөө үүсгэж, нөгөөдөр нь бид миний мотоцикльд сундлан жимсэнд явцгааж билээ.

                Авч явсан сав маань хоосон ирсэн тэр орой л эмэгтэй хүн надаас анх удаа:

                -Чи жаргалтай байна уу? гэж асуусан юм.

                Одоо бол би юу ч бодолгүйгээр:

                -Маш их аз жаргалтай байна гээд хэлчих биз. Харин тэр үед тэнэг хүн шиг инээгээд л сууж байсан даа.

                -Би жаргалтай байна гэж хэлэхдээ эмэгтэй хүн ямар дур булаам харагддагийг би бас тэр үдэш л анх удаа мэдсэн юм даг.

                Аз жаргал яг долоо хоноод л дуусдаг юм билээ. Аймгийн төв рүү би мотоциклоороо хүргэж өгөхөд, тэр миний нуруунд чихээ наангаа “Замаараа шуудангаар дайраад гаръя. Есөн цагаас өмнө амжих хэрэгтэй” гэсэн сэн.

                Тэгээд энэ чулууг харуулж,

                -Аавын хийсэн хамгийн сайхан урлал. Бараг гар хүрээгүй, тэгсэн мөртлөө төгс хэлбэрээ олчихсон... гэж билээ.

                Тэр яваад л, би нутагтаа байж чадахгүй болчихсон юм.

                Яагаад ч юм бэ, охиных нь унтдаг байсан орыг ахин нэг хармаар санагдаад болдоггүй. Тэгээд би ааваас нь “Христ үнэхээр усан дээгүүр алхсан юм уу?” гэж асуухаар очлоо.

                Библийн судар гэж ном жинхэнээсээ байдгийг би анх тэднийд л үзсэн юм чинь. Гартаа барьж, сөхөж хараагүй л дээ. Охиноос нь юун тухай ном болохыг асуутал “Аа, нэг хүн усан дээгүүр алхаж байгаа тухай гардаг юм” гэсэн удаатай. Дараа нь би ахиад хэд хэд очиж түүний сүрчиг анхилсаар буй өрөө рүү сэм шагайн гүнзгий амьсгалсан. Өвгөн намайг овоо дотночлон, хамт цайлж, библийнхээ үлгэрүүдээс хааяа сонирхуулж ярих болов. Үе үе учиргүй яриа болчихдог хачин хүн байж дээ.

                -Христ яг одоо гарч ирээд энэ голын мандал дээгүүр алхах юм бол, бид түүнийг Христ гэж танихгүй. Тэр ямар ч ухаалаг үгс хэллээ гээд бид сонсохгүй. Өөр хоорондоо ер бусын ухаант хүн ч гэж ярихгүй. Ердөө “усны мандал дээгүүр явж чаддаг хүн” л гэж шуугицгаана шүү дээ. Сонин хэвлэлд бичицгээнэ, зурагтынхан үгийг нь сонсох гэж бус, усан дээгүүр алхуулж үзэх гэж л шамдацгаана. Хүмүүс ийм л байдаг. Үр хүүхдүүд маань ч өөрчлөгдөхгүй, бас тийм л хүмүүс болцгооно. Бид тэднийг хайрлаж л чадна, өөрчилж чадахгүй...

                Өвгөн махир гаансаа нэрэв. “Охин нь хол оо явчихсан хүний татаж суугаа тамхины үнэр хүртэл тэвчишгүй болчих юм даа” гэж тэгэхэд бодогдсон сон. Бараг л миний анхны хачин бодол тэр байсан даа. Анх удаа хачин бодол төрсөн тэр өдөр дуусахад би Түйн голын мандал дээгүүр алхаж явна, эхний алхмаа л тэнцээд гишгэчих юм бол усан дээгүүр алхахад ядаад байх юм огт алга хэмээн зүүдэлж билээ.

                Өвгөн дараа жил нь нас барсан, охин нь оршуулганд ирсэн гэнэ билээ. Надтай холбоо бариагүй.

                Хэн нэгний охин, бас хэн нэгний эхнэрт би хэсэгхэн зууртаа зүрхээ өгөхөд бэлэн явсан. Хэн нэгний хэн нэгэн. Хүн бүхэнд л хэн нэгэн байдаг. Харин би түүний хувьд би хэн ч биш. Түүнд миний зүрх огт хэрэггүй, сонирхохоор ч зүйл биш. Ингэж бодоход  үнэхээр шаналгаатай, дэмий муу зүрхээ гаргаад хөсөр шидчихмээр болж билээ.

                Гэтэл өнөөдөр ийм илгээмж. Жинхэнээсээ надад тохиолдож байгаа үнэн явдал гэж үү?!!!

                Энэ хорвоо дээр би бараг дөчин жил амьд явж байна. Урт хугацаа шүү дээ, новш гэж! Өөдгүй муу чулуу чи хаана байсан юм бэ?

                Гурван талст гарган зассан чулууг үнсэхдээ л зүрх шимшрэх гэж яг ямар мэдрэмжийг хэлдгийг би ойлголоо. Сая л ойлгож байна. Амьдралынх нь долоохон өдрийг л мэдэх, миний амьдралын долоохон өдөрт л үзэгдчихээд үүрд алга болсон бүсгүйн дурсгал. Өөрийг нь дурсаад чулууг үнсэнэ гэдгийг минь тэр зөгнөсөн ч байж мэднэ, одоо чулууг хэрхэн ширтэж суугааг минь төсөөлөн хараад хаа нэгтээ инээмсэглэж байгаа ч юм бил үү? Гэвч бид ахин хэзээ ч уулзахгүй гэдгээ олон жилийн өмнөөс л мэдэж байсан. Уулзаагүй. Би чулууг ахиад сайн ажиглалаа. Бараг юу ч мартагдсангүй. Энэ талстууд. Эртний танил шиг. Дурсамж өөрөө амилж байлаа. “Хайрлаж л чадна, өөрчилж чадахгүй...” гэх өвгөний дуу хоолой. Магадгүй, энэ чулуу охиных нь биш, тэр өвгөний дурсгал ч юм уу?

                Орой нь харихаасаа өмнө би Сэлбийн гүүрэн дээр нүдээ анин зогсож байгаад чулууг тэртээ доош шидэж орхив. Хэн нэгний дурсгалыг хадгалах хамгийн нандин газар бол зүрх сэтгэл. Өөр хаана ч тийм найдвартай хадгалагдахгүй.

                Би нүдээ аниатай чигээрээ, дөнгөж сая миний гарт байсан, ахиж хэзээ ч тэмтрэгдэхээсээ өнгөрсөн тэр бяцхан чулууг бодлоороо сайтар тэмтэрлээ. Есдүгээр сарын есөн гэсэн тооны тийм гоё давхцалыг биш, зүгээр л бидний ойлгомжгүй учралыг тэмдэглэж дугтуйлсан чулуу. Харин чулууг үнэхээр л цаг хугацааны чинад руу илгээсэн, нэгэн цагт дугтуй задарна, задлах хүн нь би байна гэж 1999 оны тэр л халуун өглөө төсөөлөө ч үгүй сэн.

 

2009. 9.9. Москва.

Шинэ ном

Г.Аюурзанын цуврал гурван романы хоёр дахь нь болох "Арван зүүдний өр" 2005 онд анх хэвлэгдсэн.

Зүүд судлаач, интернет сайтад зүүдний тэмдэглэлээрээ цуврал нийтлэл хөтлөн бичдэг хүн, зүүдээр наймаалцаж сольсон гар бичмэл, гол баатарт нь зүүдлэгдэж буй эсэн бусын зүүд, зүүд мэт амьдрал... Товчхондоо зүүдний мэт үйл явдлууд өрнөдөг энэ романыг Оросын монголч эрдэмтэн Мария Петрова "Монголч эрдэмтдийн хувь заяаны тухай роман" хэмээн уг номын талаар Санкт-Петербургт тавьсан илтгэлдээ дурджээ.

Роман орос хэлнээ орчуулагдаж, 2010 онд хэвлэгдсэн байна.

Энэ зохиол харилцан шүтэлцээ бүхий нөгөө хоёр романыхаа хамтаар "Гурамсан цадиг" нэрээр шинэчлэгдэн хэвлэгдсэн бий.

2006 онд анх хэвлэгдсэн энэ ном нь өөр хоорондоо харилцан шүтэлцээ бүхий өгүүллэгүүд, мөн хавсралт эсээнээс бүрдсэн метароман юм. 2009 онд "Хүүрнэл зохиолын товчоон" нэрээр ботилогдсон эмхэтгэлд нь мөн оржээ.

Зохиогчийн залуу насны нэлээд хугацаа өнгөрсөн Москва хотод ихэнх үйл явдал нь өрнөдөг эдгээр өгүүллэгүүд далд зөн, ид шидийн аясаараа ижилсэнэ. Хавсралт эсээнүүдийнх нь нэг болох "Хаа нэгтээ буй эмээдээ бичсэн захидал"-ыг та "Тэмдэглэл" хэсгээс уншиж болно.

Уг ном 2007 онд солонгос хэлээр орчуулагдан Сөүлийн "Erum Books" хэвлэлийн газарт хэвлэгдсэн бөгөөд ОХУ-ын  утга зохиолын сэтгүүлүүдэд "Орос цэрэг", "Хаа нэгтээ буй эмээдээ бичсэн захидал" нь орчуулагдан гарчээ. Мөн энэ ном дахь "Бурханы шарил", "Мууран хүмүүсийн сүүдэр" өгүүллэгүүд англиар орчуулагдан нийтлэгдсэн байна.