АНХНЫ ХАРЦ
Харцаганд ээрэгдсэн болжмор
гэрийн тооноор чавхаддаг шиг,
Хавханд гэнэдсэн чоно
сүүлчийн хөлөө ч хэмлэдэг шиг,
Анхны минь харц арга ядан чамд дурланам.
Чамайг үзэрхмээн төдийдөө би
Эхдээ ян халилаас түлхүүлэх
нисч үзээгүй бүргэдийн дэгдээхэйн,
Ижил сүргийнхээ манлайтай тэмцэх
туур нь бэхжээгүй хулангийн үрээний
Ирт заяанд тавигдахаас үл буцнам.
Наран ургахын намуу цэцэг шиг,
Саран мандахын бадамлянхуа шиг,
Дэлгэрч нэг, хумигдаж нэг, чамд дурланам.
Царгил наадсаар уяран мөлийгч голын чулуу,
Жаргал аялсаар замдаа цөөрөгч нүүдлийн шувуу,
Тоохгүйг чинь мэдэвч өөрийгөө голоогүй миний бие
Торомгор чиний амьдрах хорвоод тус тус оногдном.
Модноос тасарсан намрын навч
хаа газардахаа мэдэхгүй,
Одноос эмтэрсэн шатмал солир
юу мөргөхөө хайхрахгүй.
Дэндүү сайханд чинь би унаж автнам.
Дэндүү…
Ай, чамд дурланам!
1988.12.12.
--
ГУНИГТАА ХАЙР ХҮРЭХ
Бишгүй л их уйтгарлаж үзлээ.
Нар нь буцсан намар шиг
Налгархан гуниг минь!
Би чамаасаа л уйдаж явсангүй.
Уйдаахын мөчгүй, чимээ имээгүй гуниг минь
Усан дээр туссан модны сүүдэр шиг мөнхийн.
Харин, баясал жаргал минь
тэр усанд
Хатсан навч ойчсон мэт урсан одогч, зуурдын.
1989.7.22.
--
***
Амьдрал гээч
хаврын ганцхан өдрийн
Алтан наран гийсэн
өглөө нь чи байжээ.
Гэгээн тунгалагт бишрээд
чимээгүйн гоёд гирэвшихэд
Гэнэхэн яриа нэхээд
чи минь уйдаж суужээ.
Өчнөөн ихийг хэлэх гээд
ам эвлээгүй багын минь
Өглөө л санахгүй бол,
мартагдаж орхидог зүүд шиг
Хайран дoтoр сүнс нь байдаг гэх
энэ амьдрахуйн
Хамаг сайхан дурдатгал
сэтгэл дотроо бөхжээ.
1990.12.24.
--
***
Хурууны өндөг догдлоох нахиаг
Хувь заяа нь хожим шажигнуулан тууна.
Худал, үнэн хоёрын сүлэлдсэн зааг –
Хундага архиа би намуухан ууна.
Ууна. Намуухан, би архиа хундагалж
Зааг сүлэлдсэн хоёр өнгийг холино.
Ус, ааг хоёрын хилийг хагалж
Залуу нас минь хаврын нахиаг олно.
1991.
--
***
ЭГДҮҮ хөдлөм нялх нахиа сэрийнэ,-
Энэ улиасанд хавар болсных оо.
Элгээр нэг, зүрхээр нэг хөндүүр айсуй,-
Инээдэнд чинь сэтгэл хавархсаны дараахь аа.
Нүцгэн бүлээн мөчир хацар сараачна,-
Нүүрээ үл хайхран бодлогоширч алхсных аа.
Нөмгөн тавиланд ухаанаа үймээр,-
Нүдний чинь учрыг тайлж чадаагүйнх ээ.
Хонхортой завьжинд чинь дотор самуурна,-
Хоёр биенд адилхан хавар болсных оо.
Хойноос чинь дагалгүй цэцэрлэгийн гүнд хоцорно,-
Хол цуг явахгүйдээ сэтгэл зовсных оо.
1992.4.22.
--
***
АМЬДРАЛЫН богинохон орооцолдоон дунд,-
Автобусанд,- зүрхийг минь үймүүлсэн Чи!
Адтай, хурц, эм хүнийхээ совингоор
Аньсган дотроо үүнийг мэдэрсэн Чи!
Гэнэтийн тэмүүлэл нүдээр минь дүүрэхэд
Гэрэлд хоргоогдсон зээр шиг
ахин ахин харц тулсан Чи!
Гэмгүйхэн инээж харцыг минь дальдраагаад
Гэрлээс цойлж одсон, айхтар овжин Чи!
Эзгүй арал дээр чамтай хаягддаг ч болоосой.
Эргэж харсан, даанч хөөрхөн Чи!
Ирдэг, буцдаг түмэн учралын гүнд
Ай, миний дурлаж болох л байсан Чи!
1993.12.12.
--
***
Тэнхээт алсаас бороо нь түгсэн нутаг
Тэнгэрийн дуунаас давхийн цочдог
Эх орон минь!
Сэтгэл хэмээх дотогшоо хүнхэр орчлонг
Сэрүүцэн амиртал цэлийн цайрах эмзэглэл минь!
Сэмэрхий самбайнд шүгэлсэн өлийн салхи - сүнс минь!
Хурдан хүлэг дэргэдүүр цахилаад одох шиг
Хуйлран арилах аадар - өдгөө залуу нас минь!
Хурдхан алгаа тосоход ганц л дусал амь минь!
Алганы зураасан ховилыг дагах бороо
Алдуурахын цагт хэрэг нь бүтэх
цэцгийн орон минь...
1994.7.19.
“Дэлхийн сонгомол өгүүллэг: Чехов-оос Хунот Диаз хүртэл” хэмээх энэхүү антолог нь орчин үеийн утга зохиолын хамгийн өргөн уншигддаг жанр болох өгүүллэгийн талаар мэргэжлийн түвшний ойлголт авахад зориулагдсан, ХХ зууны үгийн урлагийн сод төлөөлөгчдийн, судлаачдын хүрээнд өндрөөр үнэлэгдддэг өгүүллэгүүдийг хамарсан нэгэн боть болно. Сонгодог өгүүллэгийн хаад гэгддэг Чехов, О.Хэнри, Фолкнер, Набоков, Хэмингуэйгээс эхлээд өнөө цагийн постмодернизмын угтал болсон Жойс, Борхэс, Сартр, Жэксон, Кортасар, Карвэр, Сэлинжер, Маркес, XXI зууны гарамгай мастерууд Павич, Дёрри, Диаз, И Гуанчин, Мураками гээд үе үеийн олон шилдэг зохиолчдыг танилцуулснаараа хосгүй үнэ цэнтэй ном юм. Г.Аюурзана эдгээр бүтээлүүдийн орчуулах эрхийг зохиогчдоос нь албан ёсоор авч хэвлэсэн ажээ.
Зохиогч шүтэлцээт гурван роман болох "Илбэ зэрэглээ", "Арван зүүдний өр", "Цуурайнаас төрөгсөд" бүтээлүүдээ нэгтгэсэн хувилбар. Бас "Илбэ зэрэглээ" роман дотор цухас гараад, тайзан дээр тоглогдож буйгаар дурдагдаад өнгөрдөг "Үхсэн хүний амьдрал" жүжиг энэ хэвлэлд бүрнээрээ багтсан байна. Нэг л гар бичмэл тойрсон, элдэв янзын үйл явдлууд эхлэлээрээ ч, төгсгөлөөрөө ч зангилагдсан, орооцолдоон хэлхээ нь чухамдаа Чингис хаан, түүний эцэг нэгт ах Бэгтэрийн тухай ямар нэгэн нууцлаг романы тухай санаагаар холбогдсон, гэвч энэ л гурван романыг хооронд нь хамаатуулаад буй тэр л гар бичмэл нь ерөөсөө хаа ч байхгүй, тийм л сэжүүрээр бүтээгдсэн зохиол. Эхний романд уг зохиолыг сэдэж бичсэн зохиогч өөрөө гар бичмэлээ шатаачихав. Удаахь романд тэр шатаагдсан зохиолд нэгэн франц хүний бичсэн тайлбарыг олж авсан нэгэн мөнөөх зохиолыг сэргээн бичээд, эцэст нь мөн л шатаачихав. Гутгаар романд эхний романы зохиолчийн хүү, хоёр дахь романы судлаач нар уулзалдаж, судлаач хүүгээс нь өөрийнхөө мөнөөх зохиолын тухай таамаглал алдаатай байсныг олж харна. Тэгээд энэ гар бичмэлийн нууцад мухардсандаа ч юм уу, эсвэл зохиогчийн өөр нэг роман болох "Бөөгийн домог"-т өгүүлдэгчлэн бүтэлгүй дурлалаас ч болсон уу, Байгал нуурын бөглүү арал руу яваад долоон жил сураг тасардаг. Гэхдээ "Гурамсан цадиг" зөвхөн эдгээр хүмүүсийн тухай ч зохиол биш. Энд маш олон үймрэл, дотоод ертөнцийн хямрал, бас бясалгал, амьдралын тухай эргэцүүлэл, бидэнтэй өдөр тутам таардаг олон янзын учрал тохиол, хайр дурлал, цөхрөл мухардал бий. Хэрэв энэ номын дараа үргэлжлүүлээд "Бөөгийн домог"-ийг унших юм бол, зохиогч бүр дөрөмсөн цадиг биччихсэн ч юм шиг сэтгэгдэл төрөх вий.
http://en.wikipedia.org/wiki/Song_of_Songs#References_in_film