Тэмдэглэл
Зүрхийг минь хөрөөдөж буй тэр чимээнд...
НАБОКОВ "БОВАРИ ХАТАГТАЙ"-Н ТУХАЙД

                Эмма Бовари хэмээх эмэгтэй хүн ерөөсөө байгаагүй, харин “Бовари хатагтай” хэмээх ном үүрд үлдэнэ. Ном хүүхнүүдээс урт насалдаг билээ.

                “Бовари хатагтай”-н ихэнх дүрүүд бол bourgeois - буржуа юм. Энэ франц үг хэдийгээр “хотын хүн” л гэсэн утгатай боловч, Флоберын зохиолд биежихдээ ахуй амьдралын хувьд хангалуун чинээлэг, гагцхүү бодтойгоор хэмжигдэх үнэт зүйлсэд л итгэдэг хүнийг илэрхийлж байна. Гагц бодтой зүйлсийг бурханчлан шүтнэ гэдэг хэн бүхний олж харж чаддаггүй оюун санааны дээд чанарыг олж өөриймшүүлэхэд садаа болдог.

                Эмма Бовари бол тэнэг биш, мэдрэмжтэй, муугүй боловсролтой хэдий ч дорд өчүүхэн сэтгэлтэй эмэгтэй. Өчүүхэн сэтгэл өчүүхэн хувь заяаг дагуулдаг. Түүнийг энэхүү дорд бэртэгчин хувь тавилангаас нь сэтгэл татам бие цогцос, нарийн мэдрэмж нь ч аварч чаддаггүй. Хэдий өвөрмөц зүйлийг мөрөөдөвч, уураг тархиндаа шингэсэн нөгөө л хөдөөний буржуа хэвээрээ үлдэнэ. Эр нөхрийг нь, бас адгийн хоёр нууц амрагийг нь ухаан алдуулсан гоо үзэсгэлэн нь ч дорд, тосгоны хүүхэн хэвээр үлдэх хувь тавилангаас нь чөлөөлдөггүй.

                Зохиогч баатруудынхаа дүрийг зурж гаргасан нь үнэхээр нарийн, гайхалтай. Тухайлбал, Шарлийн өрөвдөлтэй, хэв загвар муутай малгай нь түүний цаашдын бүхий л амьдрал мөн тийм өрөвдөлтэй, улиг домог байхыг бэлгэдэх жишээний. Түүнчлэн Шарль анх Эмматай уулздаг тэр л ферм рүү ирэхэд морь нь үргэж зулардаг нь эгээ л бачит хувь заяанаас үргэж байгаа мэт далд бэлгэдлийг агуулна. Энэ мэт яруу найргийн санаа романд маш олон бий. Хэдийгээр үнэхээр амттай боловч энэ мэт зэрвэс өгүүлэмжүүд дээр романы ерөнхий зохиомж тулгуурладаггүй тул, тэдгээрийг гагцхүү их сургуулийн уйтгарт багш нар хийгээд гялалзсан онцгой оюутнууд л олж харж чадах вий.

                Хүний мөн чанарын тухай хамгийн ер бусын өгүүлэмжүүдийг агуулсан уг роман реализм хэмээн нэрлэгдэж, энэ нэрний цаана бүхий л нууц нь мөн агуулагдах болсон утга зохиолын тэр л чиглэлийн шавыг тавьсан юм. Гэхдээ энэ реалист гэдэг үгийн цаана бас учир бий.

                Аливаа уран зохиол үнэн чанартаа зохиомол зүйл. Ямарваа урлаг гэдэг ов мэх байдаг. Флоберын ертөнц бол, бүхий л том зохиолчдын ертөнцтэй нэгэн адил, өөрийн логик, өөрийн болзол ба давхцал бүхий уран төсөөллийн ертөнц юм. Хамгийн бодтой гэж бидний үздэг зүйлс ч мөн харьцангуй шүү дээ, жишээ нь, таны харж буй цонх, таны мэдэрч буй үнэр, таны олж сонсож буй дуу таван мэдрэхүйн тань хурц төсөөллөөс төдийгүй, тэдгээрийг өмнө нь та өөрөө хэр сайн таньж мэдсэн түвшнээс мөн хамаардаг. Өмнө нь та хэзээ ч салхины чимээ сонсож байгаагүй бол салхи  гармагц салхийг мэдэрч сонсоно гэж үү? Зуун жилийн өмнө Флобер яг түүний зохиолын баатар Эммархуу уянгын номд шимтэн хүмүүжсэн уншигчдын хувьд реалист, эсвэл натуралист санагдаж байсан байж болно. Гэвч реализм, натурализм гэдэг ч харьцангуй ойлголтууд билээ. Нэгэн үеийн уншигчдад натурализм мэт санагдаж асан зохиол өмнөх үеийнхэнд нь тийм аяс хэтийдсэн мэт, дараа үеийнхэнд нь бүр дутуудсан мэт ч санагдаж болно. Измүүд өнгөрдөг, истүүд үхээд дуусдаг, урлаг л үлдэнэ.

                Давын өмнө Флобер шиг авьяастай хүн өөрийнх нь төсөөллөөр бол, үл бүтэх өөдгүй амьтдаар дүүрсэн энэ ядуухан ертөнцийг яруу найраг, үгийн урлагийн төгс зохицлын биелэл болсон гайхалтай өгүүлэмжийн ертөнц болгон хувиргахаар зорьсныг ойлговоос зохино. Энэ бол “тухайн зохиол реалист роман уу, эсвэл..?” гэдгээс хавьгүй чухал ойлголт билээ. Флобер байгаагүй сэн бол Францад Марсель Прүст төрөхгүй, Ирландад Жэймс Жойс гарахгүй байлаа. Орост Чехов ч Чехов болж төлөвшихгүй асан. Дэлхийн уран зохиолд Флобер хэрхэн нөлөөлснийг энүүхэн жишээ хангалттай гэрчилчих биз ээ.

                “Энэ эмэгтэй бол би өөрөө” гэж Флобер зүгээр ч нэг ам алдчихаагүй юм. Тэрээр жинхэнэ аугаа зохиолчийн хувиар гайхамшигтай баатрыг биш, амьдралд мухардсан, мухардахаас ч өөр замгүй хүний дүрийг л бүтээсэнд “Бовари хатагтай”-н гайхамшиг оршино.

Шинэ ном

2006 онд анх хэвлэгдсэн энэ ном нь өөр хоорондоо харилцан шүтэлцээ бүхий өгүүллэгүүд, мөн хавсралт эсээнээс бүрдсэн метароман юм. 2009 онд "Хүүрнэл зохиолын товчоон" нэрээр ботилогдсон эмхэтгэлд нь мөн оржээ.

Зохиогчийн залуу насны нэлээд хугацаа өнгөрсөн Москва хотод ихэнх үйл явдал нь өрнөдөг эдгээр өгүүллэгүүд далд зөн, ид шидийн аясаараа ижилсэнэ. Хавсралт эсээнүүдийнх нь нэг болох "Хаа нэгтээ буй эмээдээ бичсэн захидал"-ыг та "Тэмдэглэл" хэсгээс уншиж болно.

Уг ном 2007 онд солонгос хэлээр орчуулагдан Сөүлийн "Erum Books" хэвлэлийн газарт хэвлэгдсэн бөгөөд ОХУ-ын  утга зохиолын сэтгүүлүүдэд "Орос цэрэг", "Хаа нэгтээ буй эмээдээ бичсэн захидал" нь орчуулагдан гарчээ. Мөн энэ ном дахь "Бурханы шарил", "Мууран хүмүүсийн сүүдэр" өгүүллэгүүд англиар орчуулагдан нийтлэгдсэн байна.

2010 оны З-р сард анх хэвлэгдсэн энэ романаа бичихийн тулд зохиогч гурван жил дараалан Байгал нуурын Ольхон арал руу явжээ. Эртнээс монгол угсаатны умард хэсгийнхний бөө мөргөлийн ариун дагшин газар байсан уг арлын тухай тэрээр: "Их далайн дундах бяцхан тал нутаг. Одод энд тодоос тод цацарч, домог зүүдлэгддэг..." гэж бичсэн бий.

Романд нэгэн халх залуу Байгал нуурын арал дээр суудаг бөөтэй танилцан, дэргэд нь долоон жилийг өнгөрөөж байгаа тухай өгүүлнэ. Жил бүрийг нэг онцлог явдлаар төлөөлүүлсэн бөгөөд энэ зохиол 7 бүлэгтэй. Бүлгүүдийн нэрийг танд сонирхуулъя: 1. "Онгодын тоос", 2. "Хийсвэр модны сүүдэр", 3. "Хэнгэрэгийн амь", 4. "Тэнгэрт агч гэргий", 5. Бурхан хадны ордон", 6. "Харанхуйн орны тайлга", 7. "Алдагдсан сүнсний эрэлд".

Роман олон домог яриа агуулсан, буриад ястаны үүх түүхийн сэдвийг нэлээд эмзэг талаас нь хөндсөн, бас хүний сэтгэлийн үймээн зөрчилдөөний аясыг илэрхийлсэн, сэтгэлгээний бүтээл юм.

Зохиогч энэ номоороо "Алтан өд", "Гоо марал" шагналууд хүртжээ.