Нэрийг нь ч мартчихжээ. Харин зогсоолын тавцангаар уруудан буцаж явахдаа хот хоорондын цахилгаан галт тэрэгний чиглэл заасан самбарт “Петушки” хэмээх өртөөний нэрийг бусдаас илүү тод, том үсгүүдээр бичсэнийг харж билээ.
Тэр Петушки руу яваагүй байх л даа. Хаа ч билээ, нэг театрт Венедикт Ерофеевын зохиолоор “Москва-Петушки” гэсэн жүжиг тавьж буй тухай зарлал харснаа гэнэт санаж,
-Өө, Петушки гэдэг чинь Москва орчмын нэг суурингийн нэр байх нь гэж тэгэхэд бодсон юм.
Мартчихжээ. Тийм ч болоод гэнэт саналаа. Хэзээ нэгэн цагт, ингээд яг унтахын даваан дээр, нойр хүрч байх үед гэнэтхэн санагдах, одоо бол таг мартагдчихсан хичнээн учрал цээжний гүнд нуугдан бий бол?
Тэр охин шар үстэй, хар савхин хүрэмтэй, тоонолжин хээт торон оймстой байв. Гудамжны урт модон сандал дээр, өвдгөө тэвэрчихээд, согтуу унтаж байсан юм.
Сэрээд над руу нойрмог, будагтай зовхио нээж харснаа ичингүйрэн инээмсэглэж билээ.
-Чи даарахгүй байна уу? гэж би хөл рүү нь зааж асуусан.
-Үгүй.
Бүх л шөнөжин бид чухам хаагуур явсныг ч мартчихжээ. Түүний нэрийг цасан дээр монгол үсгээр бичиж үзүүлэхэд, тэр маш их баярлаж, миний бичсэнийг ахин ахин дуурайж цасан дээр зурсан сан. Надад ч, түүнд ч цаас үзэг байгаагүй. Харин ямар нэрийг цасан дээр бичиж байснаа би одоо мартжээ.
Надад гурав, түүнд таван рубль, бас хэн хэнд маань нэлээд хэдэн задгай зоос байсан ч, бидэнд ороод суучих газар олдоогүй юм.
Гэнэтхэн чанга хөгжим дуугарсан машин ойролцоо ирж зогсов. Нэлээд удсанаа, дотроос нь учиргүй бүдүүлэг хар үгсээр хашгиралдсан гурван залуу гарч ирээд бидний зүг гүйлддэг байгаа. Охин даарч хөрсөн нарийхан хуруунуудаар гараас минь шүүрээд, бид хажуугийн байшин руу ухасхийж, ашгүй ажиллаж байсан цахилгаан шатанд оров. Лав арван гурав дөрвөн давхарт гарсан байх. Тэгээд шатыг дөрвөн давхар тийш буцаалаа.
Тав зургаан минут лав болсоон.
Удалгүй, чанга хөгжимтэй машин чимээгүй шөнийн гүнд дугуйгаа хяхтнуулан хөдлөх нь сонстов. Хөгжмөөр нь “Ace of Base” хамтлагийн, тэр үед ихэд түгж байсан “All That She Wants” хэмээх дуу явна. Бид инээлдэж дууг даган аялсан сан.
Харанхуйд бид цаг хэртэй тэврэлдэн суугаад, гадагш гарахад гэгээ орж байлаа. Ийн тэврэлдэн суух үедээ би гараа нуруу руу нь оруулж нэг хачирхалтай зүйлийг тэмтэрч үзсэн юм.
-Энэ юу вэ?
-Далавч.
Үнэхээр л багадаа Майн баяраар нисгэж байсан тагтааны далавчирхуу хос зүйл тэмтрэгдсэн нь бүлээхэн, амьсгалынх нь аясаар үл мэдэг хөдөлж байв. Гэхдээ мөнөөх далавч мэт зүйл тагтааных шиг жижигхэн тул эзнээ нисгэж яавч хүчрэмгүй санагдсан. Хэдийгээр ер бусын зүйл боловч надад өдтэй ширүүн далавчийг бус, охины нурууны торгомсог зөөлөн арьсыг илэх нь илүү таалагдаж байсан.
Дараа нь би түүнийг вокзал руу хүргэн өгч, таксины жолоочид гурван рублиэ өгөв. Өглөөний эхний цахилгаан галт тэрэгний хүйтэн сандал дээр бид зэрэгцэн суугаад, цангасан амаар үнсэлцэж эхэлмэгц л галт тэрэг түрхийн хөдөлсөн юм. Би ч бушуухан гүйж цардмал перрон руу үсэрлээ.
2010 оны З-р сард анх хэвлэгдсэн энэ романаа бичихийн тулд зохиогч гурван жил дараалан Байгал нуурын Ольхон арал руу явжээ. Эртнээс монгол угсаатны умард хэсгийнхний бөө мөргөлийн ариун дагшин газар байсан уг арлын тухай тэрээр: "Их далайн дундах бяцхан тал нутаг. Одод энд тодоос тод цацарч, домог зүүдлэгддэг..." гэж бичсэн бий.
Романд нэгэн халх залуу Байгал нуурын арал дээр суудаг бөөтэй танилцан, дэргэд нь долоон жилийг өнгөрөөж байгаа тухай өгүүлнэ. Жил бүрийг нэг онцлог явдлаар төлөөлүүлсэн бөгөөд энэ зохиол 7 бүлэгтэй. Бүлгүүдийн нэрийг танд сонирхуулъя: 1. "Онгодын тоос", 2. "Хийсвэр модны сүүдэр", 3. "Хэнгэрэгийн амь", 4. "Тэнгэрт агч гэргий", 5. Бурхан хадны ордон", 6. "Харанхуйн орны тайлга", 7. "Алдагдсан сүнсний эрэлд".
Роман олон домог яриа агуулсан, буриад ястаны үүх түүхийн сэдвийг нэлээд эмзэг талаас нь хөндсөн, бас хүний сэтгэлийн үймээн зөрчилдөөний аясыг илэрхийлсэн, сэтгэлгээний бүтээл юм.
Зохиогч энэ номоороо "Алтан өд", "Гоо марал" шагналууд хүртжээ.
"Дэлхийн сонгомол яруу найраг: Сапфо-гоос Жэймс Тэйт хүртэл" хэмээх энэхүү антологт сонгодог, модерн, постмодерн чиглэлийн гол чухаг яруу найрагчдын бүтээл 300 орчим шүлэг монгол хэлээр орчуулагдан орсон бий. Эртний яруу найргийг Сапфогоор эхлүүлсэн нь уг номын зарчим туульсын яруу найрагт бус, уянгын яруу найрагт түлхүү анхаарал хандуулсаны гэрч болно. Энд орсон яруу найрагчдын дотор өдгөө амьд сэрүүн яваа Робэрт Хаас, Жон Эшбэри, Жэймс Тэйт, Воул Шоинка зэрэг өнөөдрийн яруу найрагт үзэгдэл болсон нэрүүд ч, ХХ зууны домог болсон Т.С.Элиот, Уоллс Стивэнс, Эзра Паунд зэрэг сэтгэлгээний их тугчид ч, шинэ яруу найргийг үүсгэлцсэн Уолт Уитмэн, Эмили Дикинсон, хэзээ ч хуучрашгүй Бодлэр, Борхэс, Лорка, Малармэ, мөнхийн яруу найрагчид болох Башё, Ли Бай гээд яруу найраг гэж юу болохыг мэдэхийг хүссэн хэн бүхний заавал танилцах ёстой суу билигтнүүд багтжээ.