Бүтээл
Тэнгэрт үлдсэн шувууны мөр...
40 НАСНЫ ҮГСЭЭ УРЬДЧИЛАН БИЧИХҮЙ

 

                1.

 

Хоржоонт илбэчин мэт хагацлын тухай

Холоос санахад, тэр - хагацал биш.

Залуу нас минь нэгтээ үлдэв үү, нэгэн тийш одов уу?

Залуу насны тухай эндээс санахад, тэр - залуу нас биш,

Хоосолж тавьсан жирийн л нэг хундага.

                Харин амтыг нь мартжээ.

Холоос санахын хэрээр шаналал бүхэн зугаа болжээ.

Өхөөрдөм зугаа л байжээ.

                                                     

                2.

 

Ай, дөчин нас - эзгүй цаг минь...
Эвхсэн замын чинь тэхий дунд шударга шүүх бий.
Эргээд нэг хар! Тэнд чамайг дуудаж байна.
Нэгэнт чамайг гүйцэхгүй хорин насны заргыг
Нээх эрх нь чамд. Хаах эрх нь ч чамд.
Ээдэрсэн дурсамжаа ч залруулж болох цаг...
Ээ, юутай гунигтай нас гээч вэ!

 

                3.

 

Тэртээ өчигдрөөс дүн-н-дан-н:

Тэмээн алхаа, хонхон дуу.

Анхилуун, бөх нойрон дээгүүр

Алхаж гарах зуун тэмээ.

Зуугуулаа миний бодлыг хуваан тэгнэж

Цуваа болоод, үүрдийн зүгийг тэмцэнэ.

Тэнд миний төрж чадаагүй хүүхдүүд

Тэнгэрт очиж мөнх наслахаар явна.

Арван таван жилийн цаадтайх зүүдэн дээр

Алаг үрс минь, юунд нулимс унагана?

Аавынх нь найрагч байх үеийн тэмдэглэл

Амгалан нойрсог ээ!

                Нулимсгүйгээр, тэд!

 

1996.5.13-24.

Шинэ ном

Хүннү, Сяньби улсын үеийн яруу найргаас эхлээд ардын дууны шүлэг, бүхий л цаг үеийн Монголын үгийн урлаг дахь үзэгдэл амжилт болсон бүтээлүүд нэг дор. Г.Аюурзана, Л.Өлзийтөгс нарын сонголтоор шигшсэн эдгээр шүлгүүд үндэснийхээ соёлыг мэдэрч танья гэсэн хэн бүхэнд зориулагдсан юм.

Гүн ухааны афоризмуудын шигшмэл түүвэр. Г.Аюурзанын сонгож орчуулсан эдгээр онч мэргэн хэлц үгсийг сэдэвчлэн аймагласан тул чухаг үгсээ хайхад дөхөм болжээ.