Яриа
Нүдэнд минь гэнэтхэн сонсгол орж...
Яруу найрагчийн хувьд зодог тайлж байна аа хө

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн буюу 2013 оны 8-р сарын 24-ны дугаарт доорхи ярилцлага гарсан байна. Ийм гарчиг өгч, ярианы төгсгөлд “Дөчин насны бодлууд”, “Бясалгал” хэмээх хоёр шүлгийг минь тавьжээ. Шинэ гарсан номонд сурталчилгаа ч болчихмоор энэ нийтлэлд талархах сэтгэлийг минь “Бясалгал” шүлгийг нэлээд алдаа мадагтай гаргасан явдал үгүй хийж орхисон нь тоогүй. Номноос хуулж шивсэн хүний л хайхрамжгүйгээс болоод тэр шүү дээ.

-Таныг уншигчид уран бүтээлээр чинь багагүй мэднэ. Та анх хэдэн наснаасаа шүлэг зохиол бичиж эхэлсэн бэ?

-16 настайгаасаа.

-Таны “Балчир шүлгүүд” номыг яруу найргийн бусад түүвэртэй чинь харьцуулж харахад Горькийн утга зохиолын сургуульд сурснаар таны оюуны ертөнц маш их өөрчлөгдсөн нь анзаарагддаг. Юун тухай асуух гээд байна гэхээр авъяас, боловсрол хоёр өөр зүйл үү, нэг зүйл үү?

-Тэс өөр зүйлс. Боловсрол бол олоод авч болдог зүйл. Авьяас бол тийм биш. “Анхнаасаа хурц байгаагүй өргөс ахиж хэзээ ч хурцлагддаггүй” гэж нэг үг бий дээ. “Балчир шүлгүүд” бол балчир насны шүлгүүдээ зориуд түүвэрлэн нэгтгэсэн ном юм. Харин бусад түүврийн тухайд гэвэл, ямар нэг дээд сургуульд сурсан сураагүй хүн эрийн цээнд хүрч, ухаан авьяас тэгшрэх насандаа хүрэх гэж нэг юм бий л дээ.

-Таны анхны “Ганцаар цайвар навч” ном 1990-ээд оны оюутнуудын өврийн ном байж билээ. Эл номоо хэрхэн гаргаж байв?

-Тэр үед шүлгийн ном гаргана гэдэг баатарлаг үйлс ч гэх юм уу, мунхаглал ч гэх юм уу, тийм нэг зориг шаардсан, хөөрхөн эрсдэлтэй ажил байлаа шүү дээ. Тэр муу бяцхан ном шиг зүйлийг 500 ширхэг хэвлүүлэх гээд одоо Мэдээлэл технологийн парк байгаа газрын доод давхарт нэг үйлдвэрээр үнэ бодуулсан чинь 600 мянган төгрөг гэж билээ. 1994 он шүү дээ. Хэвлэлийн өртөг их өндөр байсан байгаа биз? Би чинь 20 мянган төгрөгийн цалинтай сурвалжлагч жаал явлаа. Тэгээд ийм үнэтэй байдаг юм байна гээд найзууддаа ярьтал Дэмбэрэл гээд багын анд минь “Принтерлээд үдчихвэл яасан юм бэ?” гэсэн санаа гаргаад, ингээд л мань санаачлагчийн ажлын принтер дээр ар өвөргүй хэвлэж гаргаад л утсаар оёж, шилийг нь цавуудаад л номоо хийсэн юм даг. Нөгөө газраараа дан хавтас хэвлүүлээд, оёж дэвтэрлэснийхээ дараа хуучин Хэвлэлийн комбинат руу барьж ороод захалгааны машин дээр нь цэмбийтэл өөлүүлчихсэн чинь тэр үедээ л хөөрхөн ном болоод явчихсан даа. Төрийн ордны номын дэлгүүрт таван ширхэгийг тавьчихаад жилийн дараа тооцоо бодоход худалдагч нь “Хоёр л зарагдсан шүү. Нэгийг нь Бавуугийн Лхагвасүрэн, нэгийг нь Дашбалбар авсан” гээд гурван ном буцааж өгч байлаа.

-“Бясалгал” хэмээх шилмэл шүлгийн түүврээ гаргалаа. Бүх номуудаа шүүрдэж “алтан загас”-ыг нь түүж оруулав уу?

-Яруу найрагт юу хийх гэж чармайж явснаа, ямаршуу хэмжээнд хүрснээ эргэж харъя гэж бодсон юм. Одоо би ахиж шүлэг бичихгүй. Яруу найрагчийн хувьд зодог тайлж байна аа хө (инээв)

-Яагаад ийм нэр өгсөн юм бэ?

-Дотор нь “Бясалгал” гэдэг шүлэг байгаа. Тэгээд ч хорь гаруй жил шүлэг бичсэний эцэст яруу найраг гэдэг бол бясалгал л юм байна гэж ойлгосон доо. Дэлхийн уран зохиолд ч өдгөө “бясалгал” хэмээх сэтгэлгээний яруу найргийн төрөл хандлага төлөвшчихөөд байна. Хүүрнэл зохиол дахь ухамсрын урсгалын яруу найраг дахь хэлбэр нь гэх юм уу даа. Миний өмнөх номуудад ч бас “Миний дургүй сарууд”, “Non Plus Ultra” гээд бясалгал маягийн шүлгүүд мэр сэр бий. Энэ удаад тиймэрхүү, ухамсрын урсгалын түрэлтээр бичигдсэн шүлгүүд арын, шинэ шүлгүүд гэсэн хэсэгт давамгайлж байгаа болохоор номын нэр аяндаа гараад ирсэн л дээ.

-Таны гэргий яруу найрагч Л.Өлзийтөгс Монголын шинэ үеийн яруу найрагчдын гол төлөөлөгч гэдгийг уншигч, судлаачид хүлээн зөвшөөрсөн. Та гэргийгээ хувь хүнийх нь хувьд, хувь уран бүтээлчийнх нь үүднээс хэрхэн дүгнэдэг бол?

-Үеийнхэн дотроосоо хамгийн их хүндэлдэг хүн маань Өлзий шүү дээ. Хүн чанарынх нь тухайд хэлж байна л даа. Уран бүтээлчийнх ньтухайд бол надтай надгүй бүх л уншигч нь хайрлаж, хүндэтгэдэгийг би олонтаа мэдэрсэн. Ямар ч авьяасгүй, ганц гялайх шүлэггүй хэрнээ өөрийгөө том яруу найрагч гэж ичих ч үгүй зарлаж явдаг, урлагийг лоозонтой хутган бохирлож амь зууж яваа зарим нэгэнтэй харьцуулшгүй, өөр хувь хүн гэдгийг нь чи ч мэдэх л байлгүй.

-Өлзийтөгс зохиолч ойрд ямар бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Өлзий шинэ номоо хэвлэлд өгсөн. “Хотын үлгэрүүд” хэмээх нэртэй тууж, өгүүллэгийн их сонирхолтой, уншууртай, сайн ном гарч байгаа. Би редакторласан болохоор хамгийн анхны уншигч нь.

-Та яруу найрагч, орчуулагчаас гадна хүүрнэл зохиолын туурвилч хүн. “Шүгдэн”-гээсээ хойш ямар бүтээл дээр сууж байна?

-Өнгөрсөн намар нэг роман эхэлсэн . Энэ өвөл дуусах нь уу, яах нь вэ, сайн хэлж мэдэхгүй л байна.

-Саяхан та ОХУ руу яваад ирлээ гэсэн. Ямар ажлаар одоод ирэв? Ойрд гадаад дотоод явах уу?

-Энэ жил би Монголд бараг байсангүй. Зальцбургт сурахаар явсан хүү маань хүнд өвдөөд Цагаан сарын дараа Европ руу явсан. Тэнд хүүгээ сахиж хаваржаад наадмын өмнө л ирлээ. Австри дахь ЭСЯ-ныхан, тэр тусмаа элчин сайд Батжаргал болон консул Гочоодорж нар сэтгэл тавьж байсанд ихэд талархаж буйгаа энэ дашрамд хэлье. Элчин сайдын яамдыг иргэдийнхээ төлөө юу ч хийдэггүй л гээд муулаад байдаг, Австри дахь Монголын элчин сайдын яамныхан л лав иргэддээ санаа тавьдаг, ойр дотно ханддаг, ажлаа сайн мэддэг хүмүүс юм билээ шүү. Европоос ирснийхээ дараа хүүгээ амраах санаатай Байгал далай, Баргужин төхөмөөр яваад, одоо л нэг суурин болж байна даа.

-Ерээд онд та соц нийгмийн үеийн Монголын утга зохиолд нэлээд шүүмжлэлтэй ханддаг байсан. Үеийнхнийхээ уран бүтээлд сэтгэгдэл ямар байна. Ер нь уран зохиол маань хөгжиж байна уу?

-Би сүүлийн үед гарч байгаа номнуудаас уншаагүй болохоор ёстой хэлэх үг алга даа.

-Манайх шиг цөөхөн хүн амтай улс оронд зохиолч хүн дан уран бүтээлийн орлогоор аж төрөхөд бэрх. Та одоо уран бүтээлээ хийхээс гадна ямар ажил, алба эрхэлж байна?

-Зохиолоо бичихээс өөр ямар ч ажил эрхлэхгүй байгаа.

-Удахгүй МЗЭ-ийн их хурал болох гэж байна. Та тусгай илтгэл, санал тавих уу?

-Өө, тэр хурал чинь хавар болчихоогүй юм уу? Их хурал болоод өнгөрчихсөн л гэж бодоод явж байгаа шүү дээ.

-Төрөлх нутаг Баянхонгортоо ойрд очив уу?

-Энэ жил очих төлөвлөгөөтэй байсан чинь, гэнэтийн ажлууд давхцаад болсонгүй. Одоо явъя гэхээр манай Хангай ч хүйтэрчихсэн л дээ. Ирэх жил л эхнэр хүүхдээ аваад жилийчихнэ дээ. Гэхдээ хатуу төлөвлөхөөр бас саад тотгор гараад байх юм аа.

Ярилцсан Л.БАТЦЭНГЭЛ

Шинэ ном

"Гурамсан цадиг"-аас өмнө гарсан бүхий л өгүүллэг, туужуудаа эмхэтгэн ботилсон бүтээл.

Монголын хүүрнэл зохиолын ололт амжилтуудыг ямар ч үзэл суртал, тодорхой сэдэвд хашигдалгүй, утга зохиолын шинжлэлээс өөр ямар ч бодлогоос ангид цэгцлэн шүүж, өргөн олон уншигчдад сурталчилсан анхны жинхэнэ антолог. Д.Нацагдоржийн "Харанхуй хад", С.Эрдэнийн "Диваажинд хүргэх оньс", Ц.Доржготовын "Нохой гэрт хүн урдаггүй", П.Баярсайханы "Зуун жил" гэхчлэн дандаа гайхамшигтай өгүүллэг таныг хүлээж байна.