Тэмдэглэл
Зүрхийг минь хөрөөдөж буй тэр чимээнд...
ТЭД СОЁЛТОЙДОО ЯНВАРЬ, JANUARY ГЭЭД Л, БИД ХОЦРОГДСОНДОО НЭГ МУУ ДУГААРТАЙ СУУГАА Ч ЮМ БИШ

- Уншигчийн асуултаас үүдсэн зурвас -

                Энэ сайтын холбоо барих хэсгээр нэгэн уншигч “Бөөгийн домог” романы дотор гарч буй ухаа хагдны сар, сүүн сар гэх мэтийг ямар учиртай оноосон нэр вэ, мөн романы төгсгөлд  “Буриад-монгол уламжлалт тооллын буга, хуц, их улаан саруудад бичив” гэсэн байгаагаа тайлбарлаж өгөхийг хүсчээ. Ганц уншигчид цахим шуудангаар хариу бичснээс иймэрхүү зүйл сонирхож мэдэх өөр хүмүүст хүргэсүгэй хэмээн шийдснээ толилуулъя.

                Монголчууд эртнээс нааш сар сарыг нэрлэж ирсэн хэдий ч, Манжийн үеэс үндэсний ухамсраа гээж, саруудын оноосон нэрийг зүгээр л тэргүүн, дунд, адаг гэх маягаар хялбаршуулан хэрэглэсээр бүрмөсөн огоорчээ. Тийм дээрээс ч “Монголын нууц товчоон” бичигдсэн гур сар гэгч нь хэзээ буй, хур гэж байгаа юм болов уу, хур бороо ихтэй зуны адаг сар юм болов уу, эсвэл хулан буюу морь сар биш байгаа гэхчлэн манай томоохон эрдэмтэд чамгүй маргалдсан даа.

                Харин өвгө дээдсийн маань цаг тооллын тэр нэрс үнэндээ Орост эзлэгдсэн буриад зон, Хятадад хамагдсан өвөрлөгчдийн Ордос аймагт хадгалагдсаар, саяхныг болтол хэрэглэгдсээр, хамгийн гайхалтай нь яг ижилхэн нэрээр саруудаа ялгаж нэрлэсээр ирсэн байдаг. Байгал далайн буриадууд, Чингис хааны онгоны сахиул ордосууд газар нутгийн хувьд алс хол суувч нэг л нэрсийг ийн хадгалсан нь даруй “Нууц товчоон”-ы буюу Эзэнт гүрний үеийн оноол нэрс болохыг хөдөлбөргүй баталж байна аа гэж би амихандаа бахархаж, ядахнаа нэг зохиолдоо тэдгээр нэрсийг хэрэглэе гэж санасан нь тэр. Ингээд саруудын язгуур монгол нэрийг, өдгөө өвлийн улирал тул, өвлөөс эхэлж тоочъё. Улирал улирлын эхэн, дунд, адаг сар хэмээн таацуулж ойлгоорой.

                Өвөл:буга сар, хуц сар, ихулаан сар. Хуцыг буриад аялгаар хуса гэх тул орос эрдэмтэд “месяц березы” буюу хус модон сар гэж том андуурсан байна билээ. “Сарыг нэрлэхдээ амьтны нэр оноодог уламжлалаар хөхөө сар гэдэг байсны улбаагаар өнөө бид хөхөө өвлийн хүйтэн гэж ярьдаг” хэмээсэн тайлбар мөн бий. Миний санахад хөхөө сар гэж огт байхгүй бололтой. Энд яригдаж буй хөхөө нь хөхөө шувуутай, тэрчлэн сар бүрийг ямар нэгэн амьтантай уяж нэрлэдэг уламжлал байх магадлалтай огт хамаагүй. Тэгээд ч “хөхөө шувуу” бол хөхөгэ, харин “хөхөө өвөл” нь хөхэгэ гэж бичигддэг тэс ондоо үгс. Өөрөөр хэлбэл, хөх өнгөтэй нэг язгуурт гэсэн үг. Хөх бол төсөөлөлд хамгийн хүйтэн өнгө. Тиймээс “хөхөө өвөл” гээч нь сарын нэр бус, харин хүйтний туйлыг хүч нэмэгдүүлэн давтаж заасан, өвлийн нийтлэг аясыг илтгэсэн үг дэг. Хүйт эхлээд огторгуйн сарны өнгө тодордог нь улаан сар хэмээх нэрийн үүдэл болсон мэт. Буриад улаан сарыг Ордост харин лаа сар хэмээж буй нь нүүдэлчдийн гэхээсээ илүү, хожуу Юань улсын уламжлал болов уу.

                Хавар: бага улаан сар, ухаа хагдны сар, хөхөөн дууны сар. Ухаа гэдэг нь Буриадад ч, Ордост ч хуа, хоо гэж дуудагддаг нь “Нууц товчоон” дахь Хуа, Хоо Маралтай нэг үг. Ойрадын хоо, ордосын хоо аль аль нь баруун монгол аялга болно. Тиймээс язгуур тотемын маань эм үүтгэлийн нэр Гоо марал бус, Ухаа (хул зүсмийн) марал гэж би боддог. Ухаа хагданай гэдэг нэрээс үүдэж би мөнхүү “Бөөгийн домог” романыхаа гол дүрд Хагдай хэмээх нэр өгсөн учиртай.

                Зун: мангис сар, өвөөлж сар, сүүн сар. Эхний сарыг буриадууд маньзаhанигэж дууддаг нь Өүлэн эхийн хөвгүүдээ тэжээсэн гогод, мангирсын нэр шиг байгаа юм. Ордосуудын сүүн буюу цагаан сар гэж нэрлэдэг сарыг буриад аялгаар hүүн hара гэдэг. Аанай л оросжсон эрдэмтэдхүн сар буюу “человечий месяц” гэж тайлбарлаад элэг хөшим юм болгож хаясан байдаг. Нагаанбуу зохиолч, олон хэл заадаг Арго нарын цагаан сараа намар хийцгээе ээ гээд байдгийн учир нь энэ сараас үүдэлтэй л дээ.

                Намар: тэргүүн сарыг нь буриадууд уларагээд, ордосууд сэрүү унахуйнсар гээд байгаа юм. Дорнод Сибирт намаршиж эхлүүт навчис улаараад л явчихдагаас хойд монголчууд улаараа гээ болов уу. Намрын дунд сарыг буриадууд үри, ордосууд хөтүү гэж өөр өөрөөр нэрлэснийг мөшгих гэж мунхагласан чинь, аль аль нь ятууны төрлийн бэсрэгхэн шувууны нэр болж таарсан. Тэгэхээр хөтүү сар гэх ёстой юм шиг байна. Харин алдарт “Нууц товчоон” бичигдсэн сар дээр хойдчуул ч, өвөрлөгчүүд ч нэгэн дуугаар гур сар гэж мадаггүй нэгдэж байна билээ. Аугаа туурвилыг намрын адаг сард Өгөдэйн ордноо шинэчлэн бичиж гүйцсэн гэсэн үг. Ер нь ч хааны орд бүхий их хүрээ буудалаахад Хэрлэнгийн Хөдөө арал намрын цагт л хэзээ хэзээнээс илүү сайхан налгар байдаг асан буй за.

Шинэ ном


"Цагаан Хар Улаан" бол зохиогчийн торгууд түмний дунд байж хийсэн судалгаа, орчин үеийн урлагийн талаархи зарим санаа, өнөөгийн хүний дотоод ертөнц рүү хийсэн эрэл, туульсын сэтгэлгээний нарийн утга учир, бүтэлгүй хайр дурлал зэрэг олон сэдвийг хамарсан, нэн шинэ чиглэлийн роман болно.

Г.Аюурзанын Бурханы шашны болоод өмнөд монголчуудын тухай сэдвээр бичсэн роман. Уг номын талаар "Мэдээ" хэсэгт буйг үзнэ үү.